Өнгөрсөн Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленський армийнхаа ерөнхий командлагч Валерий Залужныйг албан ёсоор үүргээс нь чөлөөлж, дахин томилгоо хийсэн байна

Өнгөрсөн Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч В.Зеленський армийнхаа ерөнхий командлагч Валерий Залужныйг албан ёсоор үүргээс нь чөлөөлж, дахин томилгоо хийсэн байна. Володимир Зеленський Украины армийн ерөнхий командлагчаар генерал Олександр Сирскийг томилсон бол Валерий Залужный төрийн бүтцэд хамаарах өөр албан тушаалд үлдэн ажиллахаар болсныг хэвлэлүүд мэдээлж байна.

Украины ард түмэн Валерий Залужныйг ардын баатар гэж үздэг төдийгүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Украины арми түүний ур чадвар, арга туршлага, төлөвлөгөөгүйгээр ОХУ-ын эзлэн түрэмгийллийг няцааж чадахгүй байсан гэж шинжээчид бас дүгнэдэг юм. Гэхдээ өнгөрсөн онд Украины армийн сөрөг давшилт удааширч, гацаа,мухардалд орсны дараа Володимир Зеленський болон Валерий Залужный нарын хооронд үл ойлголцол үүсэн тухай олон сар үргэлжилсэн таамаг мэдээлэл нийтлэгдээд байсан юм. Олон эргэлзээ, таамаг мэдээлэл хөвөрсний дараа Украины армийн командлал, удирдлага солигдлоо. Тэгвэл Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський 2022 онд Киевийн бэхлэлт, мөн оны сүүлээр Харьков хотыг чөлөөлөх довтолгоог амжилттай удирдсан, хуурай замын армийн удирдагч, 58 настай, хурандаа генерал Олександр Сирскийг зэвсэгт хүчний шинэ командлагчийн албан тушаалд дэвшүүлэн томиллоо” хэмээн хэлсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр явуулсан санал асуулгаар Украины ард иргэдийн Валерий Залужныйд итгэх итгэл 90 гаруй хувьтай байсан нь Володимир Зеленскийн 77 хувийн санал асуулгын дүнтэй харьцуулахад өндөр байжээ.

Украины иргэд "Төмөр жанжин" гэгддэг В.Залужныйд талархал илэрхийлсэн сэтгэгдлээ цахим орчинд тасралтгүй нийтэлж. Хачирхалтай шийдвэр гаргасан Украины ерөнхийлөгч болон хууль тогтоогчдод сэтгэл дундуур байгаа гэдгээ өрнөдийн хэвлэлд уламжилсан байна. Залужныйгийн удирдлагад дор Украины арми оросын Киев рүү хийсэн анхны дайралтыг няцааж, 2022 онд газар нутгаа эргүүлэн авсан. Гэвч өнгөрсөн жил их сүр дуулиантай сөрөг довтолгоо нь Оросын хатуу хамгаалалтын шугамыг нэвтэлж чадаагүй тул байлдааны талбар дахь давуу тал ОХУ руу эргэсэн гэж үздэг байна.