Ц.Чимэдцэрэн гуай 15 насандаа сайн дураар дайны талбарт сувилагчаар ажиллаж байжээ
1939 оны халх голын байлдаанд 16 бүсгүй өөрсдийн саналаар дайны фронтод явж байжээ. Тухайн үед цэрэг эрстэй мөр зэрэгцэн эх орноо хамгаалж, тэдний амь насыг аварч  явсан, өдгөө нас сүүдэр 100 хүрсэн Ц.Чимэдцэрэн гуайг бид онцолж байна. Тэрээр Халхын голын дайнд оролцож явсан 16 бүсгүйчүүдийн нэг юм.

Чимэдцэрэн гуай 1924 онд Дорнод аймгийн Баяндун суманд төржээ. Түүнийг дунд сургуульд суралцаж байх хугацаанд халх голын дайн эхэлжээ. Улс орны нөхцөл хүнд байсан тул сайн дураар дайны фронтод сувилагчаар ажиллах санаачилгыг гарган үеийн 15 охидын хамт дайны талбарт ажиллахаар болжээ. Тэрээр дайны фронтод ажиллах шийдвэрийг гаргахдаа дөнгөж 15 хан настай жаахан охин байжээ. Тэрээр өдгөө 100 насыг зооглон үр ач хүүхдүүдийнхээ хамтаар сар шинийн баярыг угтан золгож байна.

Тэрээр 4 хүүхэд төрүүлэн өсгөсөн бөгөөд 30 гаруй ач зээтэй болжээ. Түүний том охин Б.Нямсүрэн өдгөө 79 настай юм байна. Б.Нямсүрэн гуай ээжээсээ жаахан холдоход л санаад байдаг учир үргэлж хажууд нь байхыг хүсдэг хэмээн нулимс цийлгэнүүлэн ярьж байсан юм.

Тэрээр дайнд оролцсоныхоо дараа худалдааны техникумд суралцан тогоочийн мэргэжилтэй болжээ. Ийнхүү насаараа хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллан тэтгэвэртээ гарсан байна. Түүний үр хүүхдүүд ээжийгээ өдий өндөр наслан үр хүүхдүүдтэйгээ хамт байгаад нь үргэлж талархан бахархаж явдгаа ярьж байсан юм.