Залуу үеийнхэн шинийн нэгэнд мөр гаргах, нар харах, идээ сүүний дээж өргөх зэрэг ёс уламжлалыг суралцсаар байна

Энэ жилийн хувьд иргэд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Тэр дундаа үндэсний өв соёлоо уламжлалт хэлбэрээр нь хадгалан, үр хүүхдэдээ үлгэрлэхийг илүүд үзэх болжээ. Шинийн нэгний нар харахаас эхлээд мөр гаргах, шинэ дээл хувцсаараа гоён золголт хийж байна. Мөн иргэд энэ жил гоёлын гэхээсээ илүүтэйгээр энгийн уламжлалт дээл хувцсаа өмсөж байгаа талаараа хуваалцлаа.

Жилээс жилд сар шинийн баяраа уламжлалаар нь тэмдэглэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх хүсэлтэй иргэдийн тоо олширч байна. Нийслэлчүүд гэр бүлээрээ шинэ дээлээр ижилсэн ахмад настан, төрөл садангаараа орж золгож байгаа юм. Тэд гоёлын гэхээс илүүтэй уламжлалт дээлийг сонгож, цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Мөн залуу үеийнхэн шинийн нэгэнд мөр гаргах, нар харах, идээ сүүний дээжийг өргөх зэрэг соёлын биет бус өвүүдээ ахмад настнуудаасаа суралцаж байгааг хэлж байсан юм.