Нэг чанаж болгосон хоолыг 2 цагийн дотор хэрэглэх ёстой

Сар шинийн баярын ширээний гол хүнс болох мах ууц, сүү цагаан идээ, төрөл бүрийн салатыг иргэд хадгалах нөхцөлийг тооцолгүйгээр олон хоногоор хэрэглэх тохиолдол их байдаг. Үүнээс үүдэж баярын өдрүүдэд иргэдийн дунд хордлого, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл зэрэг нь нэмэгддэг. Тиймээс иргэд та бүхэн баярын ширээнийхээ хоол хүнсний хадгалалтын горимыг сайтар дагаж мөрдөхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн буюу ууц, чанасан мах, салатны орц найрлагад ордог майонез, хиам, өндгийг тусгай тасалгааны температурт цөөн хоногоор хадгалах ёстой. Эрүүл мэндийн яамны гаргасан зөвлөмжөөр чанасан махыг 4-5 градуст 3-4 хоног, чанамал хиам болон утлагат хиамыг 4-5 градуст 3-7 хоног харин салатыг орц найрлагаас нь хамаарч 4-5 градуст 1-2 хоногт хэрэглэх ёстой юм байна. Мөн буузны хувьд жигнэж хэрэглэдэг учир хүний бие организмд харьцангуй сөрөг нөлөө багатай гэж үздэг байна. Гэвч нэг жигнээд гаргасан буузыг олон дахин халааж жигнэх нь нян бактерийг үржүүлэх нөхцөл болдог байна. Мөн нэг чанаж болгосон хоолыг 2 цагийн дотор хэрэглэх ёстой юм байна.

Ийнхүү сар шинийн баярын хүнсний бүтэгдэхүүний хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг сайтар анхаарч, мах, махан бүтээгдэхүүн, өндөг, майонез зэргийг хөргөгч, хөргүүртэй газар хадгалах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.