Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Барууны цэргийн эвсэл буюу НАТО-ын төсвийн бүрдүүлэлт, гишүүнчлэл, ОХУ-ын эзлэн түрэмгийлэл зэрэг асуудлаар тайлбар өгсөн нь Вашингтоны холбоотнуудын шүүмжлэлд өртжээ. Доналд Трамп НАТО-ын төсөвт хангалттай хөрөнгө мөнгө суулгадаггүй, зарцуулдаггүй цэргийн эвслийн гишүүн орнууд руу ОХУ-ын зэвсэгт хүчин халдан довтолсон тохиолдолд Вашингтон аюулгүй байдлын баталгаа гаргахгүй гэж мэдэгдсэн байна.
Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Батлан хамгаалах салбартаа хангалттай хөрөнгө мөнгө зарцуулдаггүй НАТО-ын гишүүн орнуудын аюулгүй байдалд баталгаа гаргах шаардлагагүй тухай хэлсэн байна. НАТО-ын цэргийн эвслийн гишүүн орнууд багадаа улсынхаа төсвийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Батлан хамгаалах салбар, тэр дундаа НАТО-ын эвслийн үйл ажиллагаанд зарцуулах зорилтыг хэрэгжүүлэх хүлээлттэй байгаа юм. Харин Доналд Трамп уг зорилтыг биелүүлж чадаагүй НАТО-ын гишүүн орнуудыг хурцаар шүүмжилж, АНУ-ыг Барууны цэргийн эвслээс бүр мөсөн гаргахыг хүсэж байгаа гэдгээ ахин уламжилсан байна.
Тэрбээр НАТО-ын гишүүн орны удирдагчидтай хаалттай хэлэлцээ хийх үеэрээ “Төлбөрөө төлөөгүй бол үйлчилгээ үзүүлэх ёсгүй бөгөөд НАТО-ын зорилт, дүрэм, журмыг биелүүлээгүй тохиолдолд ОХУ-ын зэвсэгт хүчин хүссэн бүхнээ хийж болно. Та аюулгүй байдалдаа баталгаа хүсэж байвал, төлбөрөө төлөх л болно. Үгүй бол АНУ тэднийг хамгаалахгүй” гэж хэлж байснаа сонгогчдод уламжилсан байна. 2022 онд Доналд Трамп Флорида мужид болсон Heritage Foundation арга хэмжээний үеэр НАТО-ын эвслийн хэд хэдэн улс орны удирдагч, эрх баригчидтай нууц хэлэлцээ хийх үеэрээ дээрх зүйлсийн тухай хэлсэн байж магадгүй байна.Тухайн үед Доналд Трамп уг мэдэгдлийг няцааж байсан бол Ням гарагт сонгогчидтой уулзах үеэрээ АНУ-ын Батлан хамгаалах салбарын хэтийн төлөвийн талаар тайлбар өгөхдөө ийнхүү хэлж байснаа дурсжээ.
Доналд Трампын хөндөж байгаа ерөнхий асуудал нь НАТО-ын эвслийн оролцоо гэж шинжээчид үзэж байна. Үе үеийн АНУ-ын Засгийн газар НАТО-ын төсөвт ихээхэн мөнгө зарцуулж, эвслийн гол тоглогч нь байсан бол Доналд Трамп бодлогын эрс өөрчлөлт хийх эрмэлзэлтэй байгаа гэдгээ ахин илэрхийллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүний тайлбарыг "Аймшигтай бөгөөд аюултай" гэж нэрлэж, дарангуйлагчийн шинж тэмдэг илэрч байгааг хурцаар шүүмжилжээ. Мөн НАТО-ын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Доналд Трампын хэл ам бидний аюулгүй байдал, эв нэгдлийг алдагдуулж байна.” гэж мэдэгджээ. Түүнчлэн Европын зөвлөлийн дарга Шарль Мишель “Энэ мэдэгдэл нь зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ашиг сонирхолд нийцэж байна” хэмээн хэлсэн байна.