Цагаан сарын баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 57.6 хувиар буурчээ

Энэ жилийн сар шинийн баяраар иргэд маш цомхон бөгөөд өөртөө, мөн өрөөлд чирэгдэл багатай сайхан шинэлсэн талаар ярьцгааж байна. Ялангуяа луу жилийн хаврын тэргүүн сарын эхний өдрүүдэд иргэдийн архидан согтууралах тохиолдол маш бага байсан талаар иргэд хэлж байна. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт ч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

  • Өнгөрсөн оны буюу 2023 оны цагаан сарын баярын өдрүүдэд тээврийн цагдаагийн алба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 144 зөрчил илрүүлж байжээ. Харин энэ жилийн сар шинийн өдрүүдэд уг үзүүлэлт буурч 61 зөрчил илрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 57,6 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
  • Сар шинийн баяраар нийслэлийн түргэн тусламжийн төвд биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон гэх дуудлага цөөнгүй ирдэг байсан бол энэ жил өнгөрсөн оны мөн үеэс 8,7 хувиар цөөн бүртгэгджээ.
  • Мөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганцхан тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт гэдгийг мөн хэлж байна.
  • Тэгвэл согтуугаар авто машин жолоодож яваад осол аваар гаргасан тохиолдол энэ цагаан сарын баярын өдрүүдэд огт бүртгэгдээгүй байна.

Нүүдэлчин ардын их уламжлалыг тээдэг цагаан сарын баяр нь бэлгэдлийн шинжтэй учир иргэд баярын өдрүүдэд муу үг хэлэх, хоорондоо муудалцах тэр ч бүү хэл архидан согтуурахыг ч цээрлэдэг. Гэсэн ч жил бүр архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн гэмт хэрэг, осол аваарын дуудлага, мэдээлэл ихээр бүртгэгддэг байсан. Харин энэ жил өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эдгээр дуудлага мэдээлэл харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа юм. Иргэд ч мөн сар шинийн өдрүүдэд архидан согтуурсан хүн тэр бүр үзэгдээгүй гэдгийг хэлж байна.

Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил л гэхэд өнгөрсөн оны мөн үеэс 57,6 хувиар бага буюу 61 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь иргэдийн ухамсраас гадна хуулийн хариуцлага чангарсантай холбоотой гэж үзэж байна. Учир нь энэ оны нэгдүгээр сараас эхлэн зөрчлийн болон эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ногдуулах ялыг чангатгасан юм. Тухайлбал, жолооч согтуурсан үедээ машин барьсан бол эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар зөрчлийн хуульд заажээ.

Харин жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Ингэхдээ жолоочийн жолоодох эрхийг 1-3 жилээр хасаж, 2 сая 700 мянгаас 14 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар хуульд заажээ.

Цаашид зөвхөн баяр ёслолын үе гэлтгүй бүх нийтээрээ согтууруулах ундааг зохистой түвшинд хэрэглэж дадахыг албаныхан болон иргэд уриалж байсан юм.