Овоонд их хэмжээгээр ул боов өрж тавих, мөнгөн дэвсгэрт овоолж байгаа нь эргээд байгалиа сүйтгэж буй явдал

Уул, ус, байгаль дэлхийгээ дээдлэн тахих нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ёс юм. Энэ нь байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, дээдлэх ёс уламжлал боловч сүүлийн жилүүдэд овоонд их хэмжээгээр ул боов өрж тавих, мөнгөн дэвсгэрт овоолох, архийг бүтэн шилээр нь тавих, хадгийг мод, замын хайс зэрэгт уях зэрэг зан үйл байсаар байна. Гэвч энэ нь эргээд байгаль эх дэлхийгээ сүйтгэж буй үйлдэл болж байгааг судлаачид хэлж байна.

Уул, усаа тахих ёс уламжлалыг 2017 онд Юнескогийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг. Гэтэл сүүлийн үед иргэд мод, хашаа хайсанд хадаг, хийморийн дарцгийг уяж үлдээх нь уул усаа тахих нэг хэлбэр гэж ойлгох болжээ. Угтаа бол хадгийг эдийн дээд гэж үзэн ахмад буурал настандаа барьж зодгодог. Гэтэл хадгийг цахилгааны шон, замын хайс, төмөр хашлага, модонд уяж үлдээх тохиолдол олширчээ. Хадаг нь нийлэг материалтай учир байгальд шингэхдээ удаан. Мөн модонд уяснаар модны мөчрийг боож, зулзаган модыг үхүүлэх эрсдэлтэй байдаг. Үүнээс шалтгаалж эргээд байгаль эх дэлхийгээ сүйтгэж байгаа хэлбэр болж байгаа юм.

Уул, усаа тахих энэ өв уламжлал нь байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүндэтгэл үзүүлэн тахин шүтэх нөгөө талаас эрүүл энх урт удаан өвчин зовлонгүй амьдрахаа даатгах ёс уламжлал юм. Гэвч сүүлийн жилүүдэд тахилгат овоо ууландаа идээ будааны дээжээ өргөж байна гэж хэт их хэмжээгээр овоон дээр янз бүрийн эд зүйлс овоолж тавих үзэгдэл олширсоор байна. Угтаа бол овоондоо зөвхөн чулуу нэмэх харин хангай ууландаа идээ шүүсний дээжээ өргөх буюу байгальд шингэхүйц, шувуу, ан амьтан, жижиг бичил хорхой шавж идэж болох идээг өргөдөг ёс уламжлал юм байна.

Ийнхүү цагаан сарын баяр ч гэлтгүй овоо, уул усаа тахихдаа байгальд шингэхгүй даавуу, шил, төмөр материалтай эд зүйлсийг тухайн хэсэгтээ үлдээж байгаа нь эргээд байгалиа бохирдуулж байгаа сөрөг үйлдэл юм байна. Тиймээс иргэдийг овоо, уул усаа тахих ёс уламжлалын талаарх утга учир бэлгэдлийг ойлгож, идээ будааныхаа дээжийг жижиглэн буталж байгаль шингэхүйц хэлбэрээр өргөх хэрэгтэйг судлаачид зөвлөж байна.