Нийслэлийн хэмжээнд шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй нийт 800 орчим гэр байшин, хашаа байна

Өнгөрсөн зун улсын хэмжээнд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон юм. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх цаашлаад шар усны үер болох эрсдэлийг нэмэгдүүлж байгааг албаныхан хэлж байна. Тиймээс шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй нийт 800 орчим гэр байшин, хашааг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Одоогоор Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн 9, Сонгинохайрхан дүүргийн 7, Сүхбаатар дүүргийн 5 нийт 33 байршилд халиа тошин үүсээд байна. Тус байршлуудад суваг гаргах, далан барих зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Мөн энэ жил хур тунадасны хэмжээ ихээс шалтгаалж уулны цас хайлан доош буун шар усны үер болох эрсдэл өндөр байгаа юм. Шар усны үер нь зуны үерээс илүү аюултай, хор хохирлын хэмжээ өндөр байдаг. Нийслэлд 2021 онд шар усны үер болж ихээхэн хэмжээний хор хохирол амсаж байсан юм.

Ийнхүү шар усны үерт өртөх эрсдэлтэй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа боловч тус хэсгийн зарим айл өрхүүд янз бүрийн шалтгаанаар нүүхгүй гэж эсэргүүцсээр байгаа юм байна. Тиймээс нийслэлийн зүгээс шар усны үерийн эрсэлд байгаа Сэлбэ орчмын айл өрхийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч ажиллана.

Үүнээс гадна шар усны үерээс урьдчилан сэргийлж, хор, хохирлыг бууруулах эрсдэлийн төлөвлөгөө, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган танилцуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах үүргийг хотын дарга холбогдох байгууллагад нь өгчээ.