АНУ-ын хууль тогтоох дээд байгууллагын Сенаторууд олон сар хэлэлцсэний эцэст Мягмар гарагт Украин, Израил, Тайваньд илгээх тусламжийн багцын тухай хуулийн төслийг баталлаа. Чанга хатуу Консерватив үзэл баримтлалтай Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид эсэргүүцлээ илэрхийлсэн ч хуулийн төсөлд 70-29-ийн харьцаагаар дэмжлэг үзүүлсэн байна.
Мягмар гарагт Сенатын танхим дахь олонхын бүлгийн удирдагч Чак Шумер “Сенат манай улсын үндэсний аюулгүй байдал төдийгүй холбоотнуудын аюулгүй байдал болоод барууны ардчиллын тусгаар тогтнолд нөлөөлөхүйц тусламжийн багц хуулийн төслүүдийг баталсаар ирсэн. Ийм санаачилга гаргаж эхэлснээс хойш олон жил өнгөрчээ” хэмээн хэлсэн байна.
Өмнө нь АНУ-ын хоёр намын Сенаторуудын санаачлан өргөн барьсан 116 тэрбум америк долларын багц тусламжийн тухай хуулийн төсөлд багагүй өөрчлөлт оруулжээ. Мягмар гарагт баталсан уг багцын хүрээнд Израил улсын Засгийн газар, Батлан хамгаалахын салбарт 14 тэрбум ам.доллар, газын зурвас зэрэг мөргөлдөөнтэй бүс нутагт хүмүүнлэгийн тусламж болгож 9 тэрбум гаруй ам.доллар хуваарилагдах юм байна. Мөн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Тайвань болон АНУ-ын бусад түнш орнуудад дэмжлэг үзүүлэхэд 3 орчим тэрбум ам.доллар зориулагдах бол үлдсэн 60 тэрбум ам.долларыг Украины Засгийн газарт илгээхээр төлөвлөжээ.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленський дээрх хууль тогтоомжийг батлахад тодорхой саад бэрхшээл тулгарсаар байгааг ойлгож байгаагаа уламжлаад зогсохгүй "энэ бол эхний алхам, харин одоо төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг соёрхон баталж, нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тэгвэл Ардчилсан намын Сенаторууд төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсоныг уг хуулийн төслийг яаралтай доод танхимд өргөн барьж хэлэлцэхийг шаарджээ. Хариуд нь Майк Жонсон “АНУ-д тулгарч байгаа хамгийн том тулгамдсан асуудлын хажуугаар бид чимээгүй өнгөрч байна. Бид Мексикийн хилээр дамжин орж ирэх цагаачдын урсгалыг нэн тэргүүнд зогсоох ёстой” хэмээн мэдэгдсэн байна.