ОХУ-ын зэвсэгт хүчин эзлэн түрэмгийлэл эхлүүлснээсээ хойш 3000 гаруй байлдааны танкаа алдсан гэж Их Британийн судлаачид тооцоолжээ

ОХУ-ын зэвсэгт хүчин эзлэн түрэмгийлэл эхлүүлснээсээ хойш 3000 гаруй байлдааны танкаа алдсан гэж Их Британийн судлаачид тооцоолжээ. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгээс жил бүр гаргадаг “"Цэргийн тэнцвэр" тайланд энэхүү тоо баримтын талаар өгүүлсэн байна.

Уг баримт бичигт 180 орчим улс орны цэрэг армийн салбарын нөөц, хүчин чадал,  дэлхий даяарх бүс нутгийн тогтвортой байдалд дүн шинжилгээ хийснээ тусгадаг байна.  Тайланд дурдсанаар Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын зэвсэгт хүчин 3000 гаруй танкаа алдсан нь тус улсын Батлан хамгаалах салбарын тооллогод байсан танкууд бүхэлдээ устсаныг илтгэж байна.

Гэхдээ ОХУ-ын эрх баригчид ЗХУ-ын үед ашиглаж байсан хуучин танкуудаа агуулахаас гаргаж, байлдааны ажиллагаанд ашиглаж эхэлснийг тус тайланд онцолжээ. Мөн ОХУ-ын зэвсэгт хүчин ахин гурван жил ашиглах хэмжээний хуучин танкны нөөцтэй гэж судлаачид үзэж байна.

Уг тайланд Украины Зэвсэгт хүчин их хэмжээний хохирол амссан ч барууны орнуудаас илгээсэн зардал багатай дрон болон бусад зэр зэвсгийн ачаар батлан хамгаалах салбарын нөөцөө тогтвортой түвшинд барьж чадсан гэж үзжээ. Үүнээс гадна дайсагнагч талуудын байлдааны ажиллагааны мухардмал байдал 2024 он дамнан үргэлжилж магадгүй талаар баримт бичигт дурджээ.

Мөн Израил болон Хамас-ын дайн, Тайванийг тойрсон Хятадын цэргийн ажиллагаа болон бусад хүчин зүйлсийн улмаас дэлхий нийтийн аюулгүй байдал доройтсоор байгааг баримт бичигт дурджээ.