Нийслэлийн цагдаагийн удирдах газраас сар шинийн баярын өдрүүдийн гэмт хэрэг зөрчил, хэв журам, авто замын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийлээ. Сар шинийн өдрүүдэд зам тээврийн ослоор амиа алдагсдын тоо өмнөх оны мөн үеэс 87.5 хувиар буурсан бол согтуу жолоочийн тоо 57.6 хувиар буурсан байна. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийн тоо буурсан нь Эрүүгийн хуульд орсон өөрчлөлттэй холбоотой гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна.
Сар шинийн баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөнд гарсан зөрчил өнгөрсөн оны мөн үеэс харьцангуй буурсан үзүүлэлттэй байна. Энэ жилийн шинийн нэгнээс шинийн гуравны өдрүүдэд
- Жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 81
- Зөвшөөрөгдсөн хурдыг 50 хүртэл хувиар хэтрүүлсэн 77
- Бүрэн бус техниктэйгээр хөдөлгөөнд оролцсон 217
- Зорчигч тээвэрлэх журам зөрчсөн 43
- Ачаа тээвэрлэх журам зөрчсөн 29
- Эрэн сурвалжлагдаж байгаа 41 эд зүйлсийг илрүүлсэн байна.
- Мөн энэ онд зам тээврийн ослоос шалтгаалсан нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 87.5 хувиар буурсан байна.
Ийнхүү замын хөдөлгөөний зөрчлийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Улмаар 2023 онд батлагдсан замын хөдөлгөөний гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд аливаа зөрчлийг мэдээлэх урамшуулах журам батлагдсан. Тэгвэл технологийн шинэчлэлт бүрэн хийгдэж дууссаны дараа зөрчлийн талаар мэдээлсэн иргэд урамшуулал авах боломжтой болох юм.
Мөн энэ жилийн сар шинийн баяраар баривчлагдсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70 хувь буурсан үзүүлэлттэй байна.
Мөн баярын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг гэмт хэргийн шинжтэй дуудлага 25-66 орчим хувиар буурсан
Харин хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг халдашгүй байдлын гэмт хэрэг 2-60 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн цагдаагийн байгууллагаас иргэн осолд орсон, гэмт хэрэг зөрчлийн, талаарх дуудлага мэдээлэл өгөх үед байршил тогтоох шинэ технологийг нэвтрүүлжээ. Энэхүү туршилт нь хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн бөгөөд дуудлага өгч байгаа иргэн хаяг байршлаа тодорхойлж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага хүлээн авагчаас дүрст линк явуулж байршлыг нь тогтоох боломж бүрдэх юм байна.