Энэ өвөл нэг малчин өрх зудад өртсөн, тэжээх шаардлагатай малдаа хивэг, тэжээл, өвс худалдан авахад 6 сая орчим төгрөг зарцуулж байна

Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, нийт нутгаар цасан бүрхүүлтэй, зудын нөхцөл байдалтай байна. Энэ нь сүүлийн 20 орчим жилийн хугацаанд тохиолдоогүй нөхцөл байдал гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Мөн зудад өртсөн аймаг, сумдын малчдад улсын нөөцөөс малын хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа ч энэ нь нэг өрхийн малын хэдхэн өдрийн л хэрэглээ болж байгаа талаар малчид хэлж байна. Зудын нөхцөл байдалтай холбоотой  зарим тоон мэдээлэл хүргэе.

  • Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 20 аймгийн сумдад өвөлжилт хүндрээд байна.
  • Өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцөөс малчдад малын хивэг, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа юм байна. Нэг малчин өрхөд ойролцоогоор 2-4 шуудай хивэг, тэжээл оногдож байна.
  • Тэгвэл энэ оногдож байгаа 2-4 шуудай хивэг, тэжээл нь нэг малчин өрхийн малын тооноос хамаарч 1-10 өдрийн л хэрэглээ болж байгаа юм байна. Тиймээс малчид зудад өртсөн, тэжээх шаардлагатай малдаа хивэг, тэжээл, өвсийг нэмж худалдан авахад ойролцоогоор 6 сая орчим төгрөг зарцуулж байна.
  • Мөн энэ он гарсаар улсын хэмжээнд 500.000 гаруй толгой мал хорогдоод байгаа тул Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал хязгаарлаад байгаа юм байна.

Зудын эрсдэлтэй байгаа энэ үед улсын нөөцөөс малчдад 50 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа хивэг, тэжээл нь нэг өрхөд 2-4 шуудай л оногдож байгаа юм. Энэ нь турж эцсэн малын тооноосоо шалтгаалаад нэг малчин өрхөд ердөө 1-10 өдрийн л хэрэглээ болж байгаа юм байна. Тиймээс малчид өөрсдөө хивэг, тэжээл, өвсийг худалдан авч байгаа юм. Тухайлбал, нэг малчин өрх энэ өвөл 1 тонн буюу 40 шуудай тэжээлийг ойролцоогоор нийт 920.000 төгрөгөөр худалдаж авчээ. Үүнээс гадна 400 боодол ногоон тэжээлийг нийт 5 сая гаруй төгрөгөөр худалдан авсан байгаа юм. Нийт өртгийг тооцоолон үзвэл тухайн малчин өрх өвс, хивэг тэжээлд нийтдээ 6 сая орчим төгрөг зарцуулж байна. Гэхдээ зудын нөхцөл байдал болон турж эцсэн, өвс тэжээл өгөх шаардлагатай малын тооноос хамаарч энэ мөнгөн дүн өөр өөр байгаа юм. Мөн цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа учир зудад өртсөн малчид үүнээс ч илүү хэмжээний хөрөнгө зарцуулахаар байна.

Зудын нэг хүнд хэлбэр бол төмөр зуд. Энэ нь цас мөстөж хөлдсөнөөс шалтгаалж мал өвс ургамлаа идэхэд бэрхшээлтэй болж малын хөлийн арьс зулгарахыг хэлдэг.

Энэ жилийн хувьд зудын нөхцөл байдал эрт эхэлсэн бөгөөд цаашид хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Мөн энэ зудын нөхцөл байдал нь зөвхөн малчид, тариаланчдын асуудал бус эдийн засгийн голлох салбар болох хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа хүн амын хүнсний хангамжийн асуудалтай холбоотой юм.