Пүрэв гарагт Европын комиссын эдийн засагчид 2024 онд инфляц хүлээлтээс бага хувиар буурах сөрөг төсөөлөлтэй байгаа талаар мөн мэдээлсэн байна
Европын Төв банкны тогтоосон өндөр зээлийн хүү болон үнийн өсөлт худалдан авах чадварыг сулруулсан зэрэг шалтгааны уршгаар Евро бүсийн улс орнуудын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна. Пүрэв гарагт Европын комиссын эдийн засагчид 2024 онд инфляц хүлээлтээс бага хувиар буурах сөрөг төсөөлөлтэй байгаа талаар мөн мэдээлсэн байна.

Евро валютыг хуваалцдаг 20 орны дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 онд 0.8 хувиар өсөх тооцоололтой байгаа нь өнгөрсөн оны 11-р сард 1.2 хувиар тэлэх хүлээлтээс тодорхой түвшинд буурсныг илтгэж байна. Энгийндээ Европын Холбооны гишүүн улс орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд саарах төлөвтэй байна. Тэгвэл Европын комиссын бодлого боловсруулагчид ирэх 2025 оны эдийн засгийн өсөлтөө 1.5 хувьд хүрнэ тооцоолсон нь өнгөрсөн онд 1.6 хувиар тэлнэ гэж төсөөлснөөс бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ.

ЕХ-ны комиссар Паоло Жентилони “2023 онд эвслийн гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт ердөө 0.5 хувиар өсөн нэмэгдсэн бөгөөд 2024 оны эхний улирлын хэтийн төлөв тодорхойгүй хэвээр байна. Хэрэглэгчдэд ирж байгаа үнийн дарамт хөнгөлөгдөж, эрчим хүчний зах зээл тогтворжих эерэг хандлагатай байна. Гэхдээ мөнгөний хатуу бодлогыг сулруулах мөчлөгийн үеийг анхааралтай ажиглаж, судалж байгаа” талаар ярьсан байна.

Европын Холбооны хамгийн том эдийн засаг болох Герман улс 2024 болон 2025 онд Евро бүсийн өсөлтөд томоохон саад тотгор болох төлөвтэй байна. Германы эдийн засаг 2024 онд ердөө 0.3 хувиар өсөх төсөөлөлтэй байгаа нь европын комиссын зорилт 0.8 хувийн жишиг үзүүлэлтэд хүртэл дөхөж очихгүй байгаа юм. Мөн 2025 онд Германы эдийн засаг 0.8 хувиар өсөх тооцоолол нь 1.5 хувийн зорилтод хүрэхгүй байна.

2025 онд инфляцын түвшин одоогийн 3 гаруй хувиас буурч 2 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь Европын Төв банкны дунд хугацааны зорилт болох 2.0 хувьд хүрэх эерэг хүлээлт гэж европын комиссын мэдэгдэлд дурджээ. 2023 оны сүүлээр Европын Холбооны улс орнуудад инфляцын бууралт хүлээлтийг давсан нь эрчим хүчний түүхий эдийн үнэ буурч, эдийн засгийн эрч суларсантай холбоотой байна. Ерөнхийдөө бүс нутгийн улс орнуудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний, хэрэглээний үнийн индекс уруудаж байгаа эерэг үзүүлэлттэй байна. Инфляц үргэлжлэн буурах боловч ЕХ-ны хууль тогтоогчид эрчим хүчний бүтээгдэхүүнд үзүүлэх татаасаа зогсоож, улаан тэнгис дэх халдлагын уршгаар нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэрэгтэй холбогдуулан тээврийн зардал нэмэгдэх төлөвтэй байгаа нь нөхцөл байдлыг тодорхойгүй болгож магадгүй байна.