Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсний улмаас 13 мянга гаруй айл цасанд боогдсон нөхцөл байдалтай байна. Ойрын 3 хоногийн хугацаанд нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болох төлөвтэй байгаа талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн.
Ховд аймгийн Зэрэг суманд цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалан 4 айлын гэр, 120 орчим айлын хашаа нурсан нөхцөл байдалтай байна. Аймаг болон сумын удирдлагуудын зүгээс аль болох малчдыг гэрээсээ гарахгүй байх, малаа хол бэлчээхгүй байхыг сануулсаар байгаа юм. Ховд аймгийн нэг малчин өрх энэ өвөл дунджаар 5000 тн орчим өвс тэжээл бэлдсэн байна. Гэсэн хэдий ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвс тэжээлийн нөөц дундарч байгаа талаар зэрэг сумын малчин ярьсан юм.
Харин Дорноговь аймагт энэ өвөл урд өмнө нь орж байгаагүй их хэмжээний цас орсон тул өвөлжилт хүндхэн эхэлж малын хоргодол их байгаа талаар малчин ярьж байна. Дорноговь аймгийн малчин нэг өрх гэхэд л одоогийн байдлаар 100 гаруй бог малыг байгалийн гамшгаас шалтгаалан алджээ. Тэрээр өвс тэжээлээ ердийн хэмжээнд бэлдсэн хэдий ч цас эрт орж эхэлсэн тул нөөцгүй болсон байна.
Цаг үеийн байдал хүндэрсэн тул улсын хэмжээнд сар орчмын хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Мөн малчдад шаардлагатай бүхий л тусламж дэмжлэгийг олгох шийдвэрийг гаргаад байгаа. Аймаг сум өөрсдийн хэмжээнд өвс тэжээл нөөцөлдөг бөгөөд 50 хувийн хямдралтай үнээр малчдад өгөх юм байна. Ингэснээр малчид нэг боодол өвсийг 7 мянган төгрөгөөр худалдан авах бол тэжээлийг 8 мянган төгрөгөөр авах боломж бүрдэж байна.