ЕБС-ийн 2000-3000 сурагчдын дунд 1 сэтгэл зүйч ажиллаж байна

Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар Монгол 10 сурагч тутмын 9  нь санхүүгийн мэдлэгийн түвшин муу үнэлгээтэй гарсан байна. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүд өөрийгөө илэрхийлэх чадвар сул, цаашлаад амиа хорлолтын түвшин өндөр байгааг судалгаанд тусгажээ. Үүнтэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах сэтгэлзүй, санхүү, эрүүл мэндийн боловсролд онцгой ач холбогдол өгч, бодлогын түшинд хэлэлцэх ёстойг салбарынхан танилцуулсан байна.

Ерөнхий боловсролын сургуулиудад 2021 оноос эхлэн сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн. Энэ бол боловсролын салбарт гарсан томоохон дэвшил. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн 2000-3000 хүүхдийн дунд нэг л сэтгэл зүйч ажиллаж байгаа нь хангалтгүй байгааг хэлсэн байна.

Мөн олон улсын жишгээс харвал ЕБС-иуд нь хөтөлбөртөө санхүүгийн боловсрол олгох хичээлийг оруулдаг байна. Тухайлбал, өөрийн болон өрхийн санхүүгээ удирдах мөн татварын талаарх мэдлэг зэргийг олгодог байна. Харин манай улсын хувьд 2016 оноос эхлэн ЕБС-ийн хичээлийн сонгон судлах хөтөлбөрт “Бизнес судлал” гэсэн хичээлийг оруулж эхэлсэн байна. Анх улсын хэмжээнд энэ хичээлийг ердөө 20 гаруй сурагч л сонгон судалдаг байсан бол одоо 2000 орчим сурагч тус хичээлийг судалж байна. Гэсэн ч Дэлхийн банкнаас хийсэн судалгаагаар 10 сурагч тутмын 9 нь санхүүгийн мэдлэг муу байна гэж үнэлэгджээ.

ЕБС-ийн сурагчдын сэтгэлзүй болон санхүүгийн боловсролд анхаарах хэрэгтэй байгаагаас гадна эрүүл мэндийн боловсролыг ч чухалчлах шаардлагатай байна. Учир нь өнгөрсөн онд гэхэд л 12.000 гаруй эмэгтэй үр хөндүүлснээс 40 гаруй хувь нь насанд хүрээгүй охид байжээ. Тэгвэл ЕБС-ын сурагчдад тэр дундаа өсвөр насныханд зонхилон тохиолдож байгаа эдгээр асуудлыг шийдэхийн тулд "жигүүр" төслийг ЕБ-ын 5 сургуульд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн хүрээнд эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн боловсролыг танхимын хичээл, сургалт зэрэг хэлбэрээр заах юм байна.

Энэхүү төсөл нь нэг жилийн хугацаанд ЕБС-ын 2000 гаруй сурагчдад 3 чиглэлээр ийнхүү боловсрол олгох юм байна. Мөн ЕБС-ын өсвөр насны сурагчдын асуудалд боловсролын байгууллага, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал байгаа юм.