Нийслэлийн төсвийн тодотголд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар нэмж 26 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөжээ

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад өргөн барьсан. Тэгвэл энэхүү төсөлд хавраас эхлэх метроны төслийг санхүүжүүлэх хөрөнгө болон сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай мөнгөн дүнг  тусгасан байна.

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд газар зохион байгуулалт, төлөвлөлтийн алдаанаас болоод тухайн хэсэгтээ сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байгаа газруудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль, цэцэрлэг байгуулах юм байна. Ингэхдээ 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж нийт 26 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөсөн байна. Нийслэлийн төсвийн тодотголоор

  • Баянгол дүүргийн 24-р хорооны Алтай хотхон орчимд ЕБС
  • Хан-Уул дүүргийн 17-р хорооны Маршал таун, Кинг тауэр орчимд ЕБС
  • Сүхбаатар дүүргийн 9-р хорооны ногоон нуур орчимд цэцэрлэг
  • Мөн Баянзүрх дүүргийн 36-р хороонд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд ЕБС барихаар төлөвлөж төсөвт санхүүжилтийг тусгасан байна.

Үүнээс гадна тусгай хэрэгцээт 29-р сургуулийн засварт 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгажээ. Ийнхүү 2024 онд нийслэлийн төсөвт сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудалд нийтдээ 146 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Мөн метроны төслийг 2024 оны нийслэлийн төсвөөр санхүүжүүлэхээр тусгасан байна. Энэ жил метроны төслийг гүйцэтгэх компанийг шалгаруулж, газар шорооны ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ийнхүү метроны төсөл болон сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн төсвийг тодотгох юм байна. Мөн 2024 оны нийслэлийн төсөвт нийтийн тээврийн жолооч нарын цалин нэмэхэд шаардлагатай санхүүжилтийг ч тусгажээ. Ирэх 7 хоногоос НИТХ-аар нийслэлийн төсвийн тодотголын талаар хэлэлцэнэ.