Өчигдрийн цасан шуурганаар 42 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Энэ амралтын өдрүүдээр хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарсан. Цаг агаарын энэхүү аюулт үзэгдлээс шалтгаалж малчид цасан шуурганд төөрч алга болсон мөн мал уруудаж олноор хорогдсон нөхцөл байдал үүсээд байна.

Энэ жил нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож ихэнх сумдад зудын нөхцөл байдалтай байна. Үүнээс шалтгаалж малчид малаа тэжээх хивэг, өвсний хомсдолд орж цаашлаад олон тоогоор мал нь хорогдож байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Бэрх суманд өчигдрийн цасан шуурганаас шалтгаалж нэг малчин өрхийн 50-60 гаруй тооны мал хорогдож багассан нөхцөл байдал үүсжээ.

Ийнхүү цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалж малчдын нөхцөл байдал хүндрээд байна. Түүнчлэн энэ амралтын өдрийн цасан шуурганаар 42 иргэн төөрч, сураггүй болсон дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс 39 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харин 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа одоогоор үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллагаас нь мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Зам, Тээврийн Хөгжлийн сайдын тушаалаар зарим чиглэлийн автозамыг Бямба гарагт хаасан. Тэгвэл түр хугацаанд хаасан авто замуудыг өчигдөр өглөөний 11 цагаас нээсэн юм. Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар цасан шуургатай мөн авто зам халтиргаа, гулгаатай байгаа тул иргэдийг аюулгүй байдлаа ханган зорчихыг холбогдох байгууллагаас нь анхааруулж байна.