Өнгөрсөн Даваа гарагт 60 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал гурван өдөр үргэлжилсний эцэст өндөрлөлөө
Өнгөрсөн Даваа гарагт 60 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал гурван өдөр үргэлжилсний эцэст өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтаар төлөөлөгчид дэлхий дахинд тулгамдсан сорилтуудыг даван туулахын тулд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалснаар, хаалтаа хийсэн байна.

Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Олон Улсын Батлан хамгаалах салбарын шийдвэр гаргагчид болон дипломат төлөөлөгчид тогтолцоог сайжруулж, бүх оролцогч талууд илүү тэгш ашиг хүртэх асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн хурцадмал байдал, хиймэл оюун ухаан зэрэг дэлхийн түгээмэл сорилт, эрсдэлээс аливаа улс орон дангаар ангид байж чадахгүй тул нөхөрсөг хамтын ажиллагааг дэмжиж, асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал гэдэгт тэд санал нэгджээ. 1963 онд Мюнхений аюулгүй байдлын бага хурал өрнөдийн холбоотнуудыг багтаасан батлан хамгаалахын асуудлаарх хэлэлцүүлгийн чуулган болж анх үүсгэн байгуулагдсан юм. Тэгвэл "Трансатлантик гэр бүлийн уулзалт" хэмээгддэг бага хуралд оролцогчдын хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, өргөжсөөр байгаа төдийгүй төлөөлөгчид барууны үзэл баримтлалыг өнгө аясаа болгосон хэвээр байна.

60 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурлын тайланд барууны хөгжингүй орнуудын түгшүүрийг төрүүлж байгаа асуудлыг хэлэлцсэн бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст орших хөгжиж байгаа улс орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдлын зорилго зорилтыг биелүүлсэн ч зохих, тэтгэмж, халамжаа авч чадахгүй байгаа явдлыг онцолсон байна. Чуулганы нээлтийн өдөр НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антонио Гутерриш “Олон улсын хамтын нийгэмлэг өнгөрсөн 75 жилийн хугацаан дахь хамгийн том хуваагдлын үеэ даван туулж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Хурлыг даргалсан Кристоф Хойсген чуулганы нээлтийн үеэр "Дэлхийн аюулгүй байдлын сорилтуудын ихэнх нь хүний гараар бүтээгдсэн учраас нөхцөл байдлыг эерэг чиглэлд эргүүлэх эрх мэдэл хүн төрөлхтний гарт байгаа” хэмээн хэлсэн байна. Үргэлжлүүлэн тэрээр өнөөгийн дэлхийн аюулгүй байдал мөхөл, харанхуйн ирмэгт зогсож байгааг онцолжээ.