Өнгөрсөн Даваа гарагт Япон, Украин хоёр улсын эрх баригчид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай яриа хэлэлцээг эхлүүлсэн байна
Өнгөрсөн Даваа гарагт Япон, Украин хоёр улсын эрх баригчид хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай яриа хэлэлцээг эхлүүлсэн байна. Мөн Японы  Засгийн газар ОХУ-ын эзлэн түрэмгийлэл дуусгавар болсны дараа Украины дэд бүтцийн сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэхээ амлажээ.

Даваа гарагт Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Украины Ерөнхий сайд Денис Шмихалыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Кишида Фүмио хоёр талт татварын шинэ гэрээ байгуулж, Украин дахь венчур капиталын компаниудад дэмжлэг үзүүлж, Украины иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэхээр болсныг уламжилсан байна. Гэхдээ  Кишида Фүмио хөрөнгө оруулалтын гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй боловч Денис Шмихал Японы Засгийн газар, хөрөнгө оруулагчид Украин улсын бизнесийн орчин, зах зээл, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхийн тулд 1.4 тэрбум америк.долларыг хоёр хэсэг хуваан олгохоор болсныг дуулгажээ.

Украины ерөнхий сайд Денис Шмихал Японы томоохон автомашин үйлдвэрлэгчид, тэр дундаа Toyota компани дайн дуусгавар болсны дараа Украинд үйлдвэрлэлийн байгууламжуудаа бүтээн босгох ажлыг судалж байгааг онцолжээ. 2022 оны 2-р сарын 24-нд дайн эхэлсний дараа Японы Засгийн газар 10 тэрбум америк.долларын санхүүгийн тусламжийг Украинд үзүүлэхээ амлаж байсан төдийгүй өнгөрсөн хугацаанд 5 тэрбум америк.долларын бэлэн мөнгөний дэмжлэгийг хэдийн илгээгээд байгаа тухай албаны тайланд дурджээ. Япон улсын дотоод журмын дагуу дайсагнагч талуудад үхлийн аюул дагуулах зэвсэг, цэргийн тусламж үзүүлэх боломжгүй учраас бэлэн мөнгө, хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна.

Даваа гарагт болсон уулзалтын үеэр хоёр улсын 50 орчим компани, аж ахуй нэгж  хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэхдээ бизнес эрхлэгчид хэлэлцээрийн үнийн дүнг зарлахаас татгалзсан байна. 

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський Кишида Фүмиогийн Засгийн газар болон японы ард түмэнд хандаж дэмжлэг үзүүлсэн явдалд талархал илэрхийлжээ. Тэрээр “Дайны утаа бууж, нар мандах үед хоёр улсын хамтын ажиллагаа зүүн европт сэргэн мандах төдийгүй стратегийн олон салбарт хамтран ажиллаж, хүчирхэг харилцаа холбоогоо бэхжүүлцгээе” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна.