Малчид хангалттай хэмжээний өвс тэжээл бэлдсэн ч зудын гамшиг эрт нүүрлэсэн нь малаа алдахад хүргэжээ

Энэ өвөл манай улсад сүүлийн 50 орчим жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаагаас шалтгаалж дийлэнх нутгуудад өвөлжилт хүндэрч, малын хорогдол ихтэй байна. Зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд одоогийн байдлаар 151 мянган мал хоргоджээ. Мөн зам цасанд боогдсоноос шалтгаалж тус аймгийн зарим сумдад төрийн үйлчилгээ, эмнэлгийн байгууллагын тусламж ч хүрч чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их үзүүлэлт байна. Энэ нь  2010 оноос хойш тохиолдож байгаа хамгийн их хур тунадастай сар болж өнгөрчээ. Харин Сүхбаатар аймагт 1975 оноос хойших буюу сүүлийн 50 орчим жилд тохиолдоогүй хамгийн их цас оржээ. Үүний улмаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд өнгөрөгч 11-р сараас эхлэн шилэн зуд нүүрлэсэн байна. Тус сумын  4-р багийн малчин Г.Сумъяагийнх 1000 орчим бог болон бод малаа зудад алджээ. Хэдийгээр хангалттай хэмжээний өвс тэжээл бэлдсэн боловч зудын гамшиг эрт нүүрлэсэн нь малаа алдахад хүргэсэн байна.

Одоогийн байдлаар Сүхбаатар суманд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэх боломжгүй, мөн айл өрхүүд түлэх түлээгүй болтлоо нөхцөл байдал хүндэрчээ. Харин Засгийн газраас цасанд боогдсон өрхүүдийг сум сууринтай холбох, зам гаргах ажлыг хийж эхэлсэн байна. Мөн тус сумын нутгийн зөвлөлийн зүгээс малчдад тусламж дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгааг мэдэгдлээ.

Хэдийгээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа ч хэтэрхий оройтсон гэдгийг Г.Сумъяа малчин хэлж байсан юм.