Замын халтиргаа, гулгааг арилгах зорилготой ашигладаг бодис, давсны чанарт анхаарч хэт хүйтэнд хайлах бодисыг импортоор татаж эхэлжээ. Мөн цас мөсийг арилгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, машин техник худалдан авахаар тендер зарласан байна. Түүнчлэн 4 сараас эхлэн хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай 70 гаруй тусгай зориулалтын машин механизмыг худалдан авна гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн байна.
10 минутын хугацаанд 1-р сургуулийн урдах явган хүний гарцаар гарсан 10 гаруй хүн халтирч байна. Энэ бол хотын төвийн хэсэг дэх халтиргаа гулгаатай нэг л зам. Үүний ард мөстөж тагташсан олон зам талбай бий.
Замын халтиргаа гулгаатай холбоотойгоор нэн түрүүнд давс болон бодисын чанарыг ярих хэрэгтэй болно. Одоогоор давсыг дотоодоосоо хангадаг бол бодисыг импортоор оруулж ирдэг. Давс нь -30 градусаас доош температурт хайлдаг бол бодис үүнээс дээш градуст цас мөсийг хайлуулдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор -40 градуст хайлах 1600 тонн бодисыг нэмж авч цацаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
Одоогоор замын цасыг 800 гаруй ажилчин, 150 гаруй тоног төхөөрөмжөөр цэвэрлэж байгаа. Гэвч зам, цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин дутмаг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 11-р сард хотын аж ахуйн ажил үйлчилгээнд нэн шаардлагатай тусгай зориулалтын машин механизмын тендерийг зарласан. Гэвч одоогоор шинээр зам, цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин орж ирээгүй байгаа юм байна. Харин энэ жилдээ багтаан энэ төрлийн машин тоног төхөөрөмжийг оруулж ирнэ гэдгийг холбогдох мэргэжилтэн тайлбарлаж байна.
Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн салбарт одоогоор ийнхүү 150 гаруй машин, тоног төхөөрөмж ажиллаж байна. Гэтэл тус чиглэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад 1000 гаруй тоног төхөөрөмж, машин механизм шаардлагатай гэсэн дүн гарсан. Тодруулж хэлбэл, одоо ашиглаж байгаа тоног, төхөөрөмжийг 5 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэсэн үг юм.