Өмнөд Солонгосын олон арван томоохон эмнэлгийн 8000 орчим дадлагажигч эмч нар Засгийн газрынхаа анагаахын сургуульд олон оюутан элсүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэн ажил хаялт зарлажээ. Үүнтэй холбогдуулан тус улсын эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, товлосон мэс заслууд хойшлогдож, яаралтай тусламжийн үйлчилгээ завсардаж эхэлсэн байна.
БНСУ-ын Засгийн газар 2025 оны хичээлийн жилээс Анагаахын их сургуульд элсэгчдийн тоо, квотыг 2000 мянгаар нэмэгдүүлж, нийт 5000-д хүргэх төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлсэн юм. Мөн 2035 он гэхэд элсэгчдийн тоог 10 мянгаар нэмэгдүүлэхийг эрмэлзэж байгаагаа Өмнөд Солонгосын эрүүл мэндийн сайд онцолсон байна. Харин Өмнөд Солонгосын одоо байгаа нийт резидент эмч, дадлагажигчдын 70 орчим хувь нь буюу 8000 орчим эрүүл мэндийн байгууллагын ажилтан Засгийн газар, Эрүүл мэндийн яамныхаа төлөвлөгөөг эсэргүүцэж ажил хаялт зарлаж, ажлаас халагдах өргөдлөө өгсөн талаар дотоодын хэвлэлүүд нь мэдээлж байна.
Тус улсын эмч нарын холбоо, Анагаахын оюутнуудын бүлгэмээс эрүүл мэндийн салбарт хангалттай тооны эмч нар үүрэг гүйцэтгэж байгаа ч цалин хөлс багатай, уртасгасан цагаар ажилладаг, ажлын орчин тааруу гэгддэг хүүхдийн эмнэлэг, яаралтай тусламжийн тасагт ажиллах хүчний нөөц хүрэлцээгүй байгаа нь хамгийн том асуудал болж байгааг уламжилжээ.
Өмнөд Солонгос нь хөгжингүй орнуудын дунд эмч, хүн амын харьцаа хамгийн бага буюу тэнцвэргүй ангилалд багтдаг орны нэг юм. Тус Ерөнхийлөгч Юн Сок Ёль Засгийн газар "Шаардлагатай" шинэчлэлээс ухрахгүй гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь тус улсын хурдацтай хөгширч байгаа хүн амын нийгмийн асуудалд анхаарч байгаа нэг хэлбэр гэдгийг онцолжээ. Харин эмч нар тоо хэмжээг нэмэгдүүлснээр эрүүл мэндийн байгууллагын чанарт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Эсрэгээрээ эрүүл мэндийн салбарын тодорхой сектор, орхигдсон хэсэгт эмч, ажилтан бэлтгэх нь чухал гэж тэд үзэж байна. Тухайлбал дээр дурдсанчлан хүүхдийн эмч болон шуурхай тусламжийн тасгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. Мөн олон эмч бэлтгэх нь хэтдээ тус салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн байдлыг доройтуулж болзошгүй гэдэгт санаа зовниж байгаагаа эмч нар хэлсэн байна.
Дадлагажигч эмч нар Өмнөд Солонгосын эрүүл мэндийн байгууллагын ачааны голыг үүрдэг төдийгүй өнөөдөр тус улсын Эрүүл мэндийн сайд ажил хаялт зарласан эмч нарыг эргэн ажилдаа орж, үүргээ гүйцэтгэхийг гуйсан байна.