Тархиндаа “Neuralink” чип суулгасан өвчтөн бодлоо ашиглан компьютерын хулгана удирдаж байгаа талаар мэдээлжээ

Даваа гарагт Илон Маск Neuralink-ийн зохион бүтээсэн чипийг тархиндаа суулгасан анхны өвчтөн бүрэн эдгэрч, өөрийн бодлоо ашиглан компьютерын хулганыг удирдаж чадаж байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр сайжруулалт хийгдэж байгаа төдийгүй үр дүн гарсаар байгаа хэмээн хэлсэн байна.

Үргэлжлүүлэн тэрбээр өвчтөн бүрэн эдгэрсэн талаар мэдээлэл авснаа онцолсон бөгөөд сөрөг хариу урвал гараагүйг уламжилжээ. Илон Маск өвчтөн өөрийн бодлоо ашиглан компьютерын хулганыг төвөггүй удирдаж эхэлснийг мэдэгдэлдээ дурдсан байна.

Мөн Neuralink компанийн эрдэмтэд өвчтөн аль болох олон компьютерын хулганын товчлуур бодлоороо удирдаж, цаашлаад гар утасны аппликейшнд нэвтрэх гэж оролдож байгааг мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард тус компани тархины чипээ анхны өвчтөндөө амжилттай суулгаснаа мэдээлж байсан юм. Neuralink компани тархи-компьютерын интерфейсийн суулгацыг хүний тархины хөдөлгөөн хийх командыг гүйцэтгэдэг хэсэгт мэс заслын аргаар байрлуулжээ.

Тархины суулгац нь хүмүүст өөрийн бодлоо ашиглан компьютерын курсор эсвэл гарыг удирдах боломжийг олгох явдал юм. Уг технологийн шийдлийн зорилтот хэрэглэгч нь ихэвчлэн хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс болон цус харвасан өвчтөнүүд байх төлөвтэй байна.