НҮБ-аас хийсэн судалгаагаар дэлхий нийтэд гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийнхнийхээ хүчирхийлэл дээрэлхэлтэд өртдөг гэж судалгаагаар гарчээ. Тэгвэл Монгол улсад 10 хүүхэд тутмын 8 нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртдөг байна. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд нэгнээ гадаад үзэмж, гэр бүлийн байдал зэргээс шалтгаалан дээрэлхэх гадуурхах үйлдэл нэмэгдсээр байна. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог болоод тэдэнтэй эцэг эх асран хамгаалагчид нь ярилцдаггүй зэрэг шалтгаанаас энэ төрлийн үйлдэл нуун дарагдах тохиолдол цөөнгүй гардаг байна.
Хамгийн сүүлийн жишээгээр өсвөр насны охид нэгнээ дээрэлхэн зодож буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Ингэснээр тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Сургуулийн орчинд ихэвчлэн өсвөр насныхны дунд дээрэлхэлт гадуурхалт их байгаагийн нэгээхэн хэсгийг тухайн хэрэг харуулж байгаа юм. Өсвөр насны хүүхдүүдийн дундах амиа хорлолтын шалтгааны 80 орчим хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтээс шалтгаалсан нь судалгаагаар тогтоогджээ. Хүүхдүүд үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн талаараа олон нийтэд мэдээлэхээс эмээдэг, мөн сэтгэл зүйч болон томчуудад хандахаас илүүтэй дотнын найздаа хэлэхийг илүүд үздэг юм байна
Ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрөгч 2022 оноос эхлэн мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн. Ингэснээр өсвөр үеийнхний дээрэлхэлтийг зогсоох нөлөөллийн ажлуудыг шат дараатай зохион байгуулж энэ төрлийн хэрэг харьцангуй буурсан үзүүлэлтэй байна. Хүчирхийлэл үйлдсэн болон түүнд өртсөн хүүхдийн аль аль нь сэтгэл зүйн хүнд цохилтод ордог байна. Улмаар хүүхэд дээрэлхэлтэд өртөх нь хичээлээс хоцрох, завсардах, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь муудах зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулдаг байна
Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлтийг таслан зогсоохын тулд багш болон эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа чухал юм байна. Хүүхдүүд эцэг эхтэйгээ дээрэлхэлтэд өртсөн талаараа ярилцахыг хүсдэг боловч сонсдоггүй төвөгшөөсөн байдлаар хүлээж авдаг нь энэ төрлийн үйлдлийг нуун дарагдуулахад хүргэдэг гэдгийг сурагчид хэлж байсан юм.