Дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг энэ 3-р сард эхлүүлж 2025 онд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг холбогдох албаныхан танилцууллаа. Энэхүү бүтээн байгуулалтыг Яармаг-Хархорин зах чиглэлд барих бөгөөд гүйцэтгэгчээр Бүгд Найрамдах Франц улсын Пома групп ажиллах юм байна. Тэдний зүгээс дүүжин тээврийн аюулгүй ажиллагаанд онцгойлон анхаарч тог тасрах эсвэл аль нэг бүхээг нь эвдрэх зэрэг үүсэж болзошгүй бүх нөхцөлийг тооцож үзсэн байна.
- Дүүжин тээвэр нь 4.2 км урттай байх бөгөөд Яармаг-Хархорин захын хооронд зорчигч 11 минутад зорчино гэж тооцож байна.
- Тус дүүжин тээвэр нь 98 кабинтай байх бөгөөд нэг бүхээгт 10 зорчигч суух боломжтой байхаар төлөвлөсөн байна. Тодруулбал, нэг цагт 2300 зорчигч явах боломжтой.
- Мөн Улаанбаатар хотод баригдах дүүжин тээвэр нь халуун хүйтнээр агаар сэлгэх төхөөрөмжтэй, цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллана гэдгийг гүйцэтгэгч компани Пома группийн зүгээс танилцуулсан юм.
- Одоогоор дүүжин тээвэр нь 80 гаруй улсад нэвтэрсэн бөгөөд сүүлийн 20-30 жилийн хугацаанд томоохон ямар нэгэн осол аваар гараагүй байна.
Иргэдийн зүгээс дүүжин тээвэр ашиглалтад орвол замын түгжрэлд эергээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болно гэж харж байна. Гэсэн ч манай улсад анх нэвтрэх гэж байгаа дүүжин тээврийн аюулгүй байдалд эргэлзэж байгаа юм.
Улаанбаатар хотод баригдах гэж буй дүүжин тээврийн төслийн гүйцэтгэгч Францын Пома компани нь дэлхийн нийт 90 гаруй улсад дүүжин тээврийг барьж байгуулжээ. Жишээлбэл, манай улстай ижил хүйтэн сэрүүн цаг агаартай ОХУ-ын Нижний Новгород хотод дүүжин тээврийг тус компани нь нэвтрүүлсэн туршлагатай юм байна. Харин манай улсын хувьд дүүжин тээврийн төслийн ажил нь анх удаа нэвтэрч байгаа учир иргэдийн аюулгүй зорчих асуудалд онцгойлон анхаарч байгаа юм. Тодруулж хэлбэл, тог тасрах эсвэл аль нэг бүхээг нь эвдрэх зэрэг үүсэж болзошгүй бүх нөхцөл байдалд аюулгүй ажиллагааны талаарх нөөц төлөвлөгөөнүүд гаргажээ.
Дүүжин тээвэр нь метро, трамвайг бодвол илүү хурдан хугацаанд баригддаг юм байна. Үүнтэй холбоотойгоор дүүжин тээвэр нь ирэх онд ашиглалтад орно. Урьдчилсан байдлаар тус дүүжин тээврээр зорчих үнэ тарифыг 2500 төгрөг гэж тооцсон байна. Гэхдээ энэ үнэ тариф нь одоогоор албажин баталгаажаагүй байгаа юм. Үүнээс гадна дүүжин тээврийн кабины суудал нь халдаг байх шийдэлтэйгээр хийгдэх юм байна.
Дүүжин тээврийн төсөл нь Монгол болон Францын Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй зээлээр буюу 25 сая америк доллароор хэрэгжиж байгаа юм. Энэ төслийн санхүүжилт нь зээлийн маш бага хүүтэй мөн эргэн төлөлтийн хугацаа нь 40-өөс дээш жил байх юм.