Нийт нутгаар өвөлжилт хүндэрч улсын хэмжээнд 650 мянга орчим толгой мал зүй бусаар хорогдсон. Цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсад малыг даатгуулах нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Малчид малаа даатгалд хамруулснаар гэнэтийн гамшгаас үүдэлтэй ихээхэн хэмжээний хохирлыг гарз багтайгаар давахад томоохон нөлөөтэй юм. Гэсэн хэдий ч малчдын хувьд даатгалын тогтолцооны талаарх мэдээлэл дутмаг байдаг мөн учирч болох эрсдэлийг тооцоолдоггүй зэргээс шалтгаалан хамрагдалт тааруу байна
- Энэ онд улсын хэмжээнд 90 сая гаруй толгой мал тоологдсон. Үүнээс ердөө 35 мянган малчин 7 сая орчим малаа даатгуулсан байна
- Ихэнх тохиолдолд газар нутгийн онцлогоос шалтгаалан өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгийн малчид даатгалд хамрагддаг байна. Энэ жилийн хувьд Баянхонгор аймгийн малчин өрхийн 30 орчим хувь нь даатгалд хамрагдсан бол Говьсүмбэр аймаг 49 хувь Говь-Алтай аймгийн малчид 41 хувь нь даатгалд хамрагджээ.
- Ингэснээр даатгалын байгууллага 149 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх малын даатгалын үнэлгээг тогтоожээ. Харин малаа даатгалд хамруулахад малчид өөрсдөө үнэлгээг тогтоох боломжтой байна
- Улмаар малаа даатгуулсан малчдад арилжааны банкнуудаас зээл олгохдоо 0.2 хувиар зээлийн хүүг бууруулан олгодог байна.
Манай улс 2006 оноос эхлэн зуд байгалийн гамшигт үзэгдлээс гарах хохирлын хэмжээг багасгах зорилгоор малын индексжүүлсэн даатгалын төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ малын хорогдлын хэмжээ 6-аас дээшгүй хувьтай бол нөхөн төлбөр олгоно гэж хуульд заасан байна. Сүүлийн жилүүдэд малчид малаа даатгалд хамруулах тохиолдол нэмэгдэж байгаа хэдий ч нийт малын тоотой харьцуулахад хангалттай биш байгааг мэргэжилтэн хэлж байна.
Энэ онд нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс шалтгаалан одоогийн байдлаар 650 мянга орчим толгой мал зүй бусаар хорогдсон тоон мэдээлэл гарсан. Тухайлбал Сүхбаатар аймагт л гэхэд 260 орчим мянган мал хорогдсон байна. Гэвч тус аймгийн нийт малчны ердөө 26 хувь буюу 2400 орчим өрх даатгалд хамрагджээ. Тэгвэл малчдын зүгээс зээл авахад малаа даатгуулсан байх шаардлагыг тавьдаг учир даатгалд хамрагддаг гэдгийг хэлж байна. Харин сумын хэмжээнд мал хорогдлын хэмжээ 6 хувьд хүрээгүй тохиолдолд нөхөн төлбөр авах боломжгүй учир зарим тохиолдолд даатгуулахаас татгалздаг гэсэн юм.
Мал аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг. Мал их хэмжээгээр хорогдох явдал нь төрд үүсэх дарамтыг нэмэгдүүлдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан юм. Өнгөрсөн онд 27 мянган малчин даатгалд хамрагдсанаас 14 мянга нь 4.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авчээ. Мөн цаг үеийн байдал хүндэрсэн тул “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс өнгөрсөн оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэдгээ мэдэгдсэн юм.