Өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цөмийн хүчин чадал бүхий стратегийн бөмбөгдөгч онгоцоор туршилтын нислэг үйлдэж байгааг телевизээр шууд дамжуулжээ. Тэрбээр Оросын төв хэсэгт орших Бүгд Найрамдах Татарстаны Казань хотод зочилж, энэ үеэрээ цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх зориулалттай ТУ-160М бөмбөгдөгч онгоцыг хөлөглөсөн байна.
Пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Казань хотын хүнд үйлдвэрийн байрт зочлох үеэрээ ТУ-160М бөмбөгдөгч онгоцны бүхээгт туслах нисгэгчийн суудлаас залуурыг хөдөлгөж байгааг телевизээр шууд дамжуулжээ. Ийм загварын онгоцыг ОХУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутагт өгч байгаа пуужингийн довтолгоондоо ашиглаж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм.
Үүнээс гадна Пүрэв гарагт ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд тус улсын Ерөнхийлөгч асан, өдгөө Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевтэй хийсэн ярилцлагаа нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байна. Дмитрий Медведев Украины нийслэл Киев хотыг эзлэн авах ёстой шалтгаануудыг дурдсан байна. Тэрбээр түүхэн цаг хугацаанд Киев хот нь ОХУ-ын газар нутгийн нэг хэсэгт багтдаг байсан. Харин өдгөө Киев нь ОХУ-ын оршин тогтнолд аюул занал учруулж байгаа учраас заавал эзлэн авч, оросын цэргүүд Украины нийслэл хотыг эрхшээлдээ оруулж, төв талбайд нь ялалтын жагсаал хийх ёстойг хэлсэн байна. Мөн тэрбээр Украины ард түмэн эцэс төгсгөлгүй дайн эсвэл Оростой нийтлэг байдалд амьдрах хоёрын аль нэгийг сонгох боломжтойг уламжилсан байна.
Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Сан Франциско хотод болсон хандивын арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг гудамжны үг хэллэг ашиглан доромжилж, Оросын дарангуйлагчийн засаглал дэлхий нийтэд учирсан сорилт болохоос аюул заналхийлэл биш хэмээн хэлсэн байна. Харин пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Жо Байден этгээд гудамжны хэллэг ашиглаж түүнийг доромжилсон асуудалд тайлбар өгсөн байна. В.Путин “Бид АНУ-ын аль ч Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байна. Гэхдээ миний хувьд Жо Байденыг илүүд үздэгээ хэдийн хэлсэн. Мөн түүний хэлсэн үг дүгнэн үзэхэд миний туйлын зөв гэдэг нь илэрхий байна.” хэмээн хариулсан байна.