Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Техас мужид төвтэй “Intuitive Machines” компанийн зохион бүтээж, хөөргөсөн сансрын станц сарны гадаргуу дээр амжилттай газардаж түүх бүтээлээ. Энэхүү үйл явдал нь хувийн хэвшлийн төлөөлөл манай гаргийн түүхэнд анх удаа сансрын станцаа саран дээр газардуулсан тохиолдол болжээ.
Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын цагаар 18 цаг 23 минутад Одиссей хэмээн нэрийдсэн зургаан хөлтэй бичил сансрын станц сарны өмнөд хэсгийн гадаргуу дээр амжилттай газардсан байна. Наса болон “Intuitive Machines” компанийн хамтарсан шууд дамжуулалтын үеэр тус төхөөрөмж саранд хүрсэн ч илгээж байгаа дохио сул байгааг онцолсон байна. Энэ нь сансрын станцын үйл ажиллагаа доголдсон байж болохыг илтгэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Төлөвлөсний дагуу сансрын станц сарны өмнөд туйлын ойролцоох Малаперт А хэмээх хэсэгт газардсаныг судлаачид тайлбарласан байна. Пүрэв гарагт “Intuitive Machines” компанийн бүтээсэн түүх нь 1972 онд Наса агентлаг Аполло 17 хөлгөө сарны гадаргуу дээр буулгаснаас хойш 50 жилийн дараа АНУ-ын сансар судлалын салбарт гаргасан өөр нэг амжилт болжээ. Өнөөдрийн байдлаар Хуучин Зөвлөлт Холбоот улс, Хятад, Энэтхэг, Япон зэрэг дөрвөн улс орон сансрын станцаа саран дээр газардуулаад байна. Мөн АНУ бол саран дээр сансрын нисгэгчээ буулгасан цорын ганц улс юм. Тэгвэл Одиссей хэмээх сансрын станц нь Наса болон хэд хэдэн арилжааны хэрэглэгчдэд зориулсан шинжлэх ухааны багаж хэрэгсэл, технологийн тоног төхөөрөмжүүдийг тээж сарны гадаргуу дээр хүргэжээ.
Наса агентлаг 2026 оны сүүлээр сарны урт хугацааны судалгаа, хүн төрөлхтний Ангараг гараг руу нислэг үйлдэх алхмын нэг хэсэг болгон хөлөг онгоцоо тухайн жил саран дээр буулгах зорилготой байна. Мөн сансар судлаачид сарны Өмнөд туйлд амьдрал тэтгэх болон пуужингийн түлш үйлдвэрлэхэд ашиглаж болох хөлдөөсөн ус байгаа гэж таамаглаж байгаа нь олны анхаарлыг татаад байгаа юм.