БНХАУ-ын “Монголд үйлдвэрлэв” худалдааны төвд 30 гаруй ААН-ийн 1000 гаруй бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байна

Өнгөрөгч 12 дугаар сараас эхлэн БНХАУ-ын Хөх хот, Эрээн хотод “Монголд үйлдвэрлэв” худалдааны төв үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус худалдааны төвд манай улсын 30 гаруй аж ахуй нэгжийн 1000 орчим бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ экспортлоход тулгамдаж байгаа асуудал нь БНХАУ-ын гаалийн байгууллагын шаардагдах бүрдүүлэлтийг бүрэн хангадаггүй, холбогдох бичиг баримтыг зөрүүтэй бүрдүүлдэг зэрэг нь саад учруулдаг байна.

БНХАУ-ын Монголд үйлдвэрлэв худалдааны төвд 30 гаруй аж ахуй нэгжийн 1000 гаруй бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг байна. Худалдааны төвийн үйл ажиллагаа эхлээд 2 сарын хугацаа өнгөрсөн ч багагүй хэмжээнд бараа бүтээгдэхүүнээ худалдаалж чадсан талаараа ААН-ийн төлөөлөл ярьж байна. Цаашид үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа ч 2 улсын гаалийн системийн зөрүүтэй байдал зэрэг зарим хүчин зүйлсээс шалтгаалан асуудлууд үүсжээ.

Цаашид БНХАУ дахь Монгол худалдааны төвийн үйл ажиллагааг сайжруулахад үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавхыг сайжруулах, мөн бодлогоор дэмжих шаардлагатай байгаа юм.

Манай улсын бараа бүтээгдэхүүн нь органик гаралтай байдаг тул тус улсын иргэдийн сайшаалыг хүлээдэг гэсэн юм. Иймд илүү их борлуулалт хийхийн тулд бүтээгдэхүүний хэлбэр хийцийг сайжруулах, зар сурталчилгааг нэмэгдүүлэх нь чухал юм

Үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс бараа бүтээгдэхүүнээ Монголын зах зээл дээр арилжаалдаг үнээс 15-20 хувийн нэмэгдэлтэй үнээр худалдаалдаг байна. Мөн олон улсад гарах томоохон боломжийн эхлэл тавигдсан учир дээрх тулгамдсан асуудлуудаа яаралтай шийдвэрлүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.