Ирэх 3-р сараас эхлэн нийт 10.000 тонн тэжээлийг малчдад шууд хүргэнэ

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдад Засгийн газрын гишүүд, сайд нараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ хүрээнд улсын болон орон нутгийн нөөцөд үлдсэн 26 мянга орчим тонн өвс тэжээлийг нэн хүнд байгаа сум, багт шууд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Мөн ирэх 3, 4-р сард 10 мянган тонн тэжээлийг хүргэхээр төлөвлөөд байгаа талаар албаныхан мэдээллээ.

Улсын нөөцөөс хивэг тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байсан бол одоо нэн шаардлагатай байгаа малчин өрхүүдэд үнэгүй хивэг, тэжээлийг олгож байна. Гэтэл цахим орчинд тал шуудай хивэг тэжээл малчин айл өрхүүдэд тараасан гэх мэдээлэл гараад байсан. Үүнийг ор үндэслэлгүй худал гэдгийг албан ёсоор холбогдох албанаас нь мэдээллээ.

Энэ жилийн өвөл 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй их цастай өвөл болж байгааг холбогдох байгууллагаас нь мэдээлж байгаа. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан цасан шуурганы аюултай үзэгдэл болсон. Энэ үед ихэнх нутгаар эрс хүйтэрч зарим аймаг, сумдад -42, -47 градус хүртэл хүйтэрсэн юм. Үүнээс шалтгаалж малчдын нөхцөл байдал улам хүндрээд байна. Одоогоор 192 суманд зудын нөхцөл байдал хүндэрч 1 сая 500 мянга гаруй мал хорогдоод байгаа юм.