Малчид сумын төв рүүгээ явж хоол хүнсний зүйлс мөн малын хивэг, тэжээлээ зөөх гэсэн ч зам гараагүй учир явж чадахгүй байна

Өнөөдрийн байдлаар малчид аймаг, сумын төв рүүгээ явж хоол хүнсний хэрэгцээгээ базаах түүнчлэн малын хивэг, тэжээл, өвсөө зөөвөрлөхөд зам нь цасанд боогдсон байдалтай байна. Тэд сумын төв рүүгээ явах гэж 1 км замыг 3 цаг цас ухаж цэвэрлээд, шантарсандаа эргэн буцаж байгаа тухайгаа хэлж байна. Харин албаны зүгээс аймаг, сумдад тусгай техник хэрэгсэл ашиглан цасанд дарагдсан 54 мянган км зам гаргахаар ажиллаж байна. Өвлөөс эхлэн цас цэвэрлэж зам гаргах ажил зохион байгуулж байгаа ч хоёрхон цагийн дараа ахин цасан шуурга шуурч, дахин зам цасанд боогдож байгааг мэдээлж байна.

Одоогоор улсын хэмжээнд 189.000 гаруй малчин өрхийн 72.000 малчин өрх нь хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Тодруулбал, өвс, тэжээл дууссан 39.000 өрх, хүнс, хоолны хэрэгцээтэй 7800, түлээ түлшний тасалдалтай 5800, эрүүл мэндийн тусламж шаардлагатай 13.000 малчин өрх байна. Тэдний зүгээс хоол хүнсний зүйлээ авах мөн малын хивэг, тэжээлээ татах шаардлагатай байгаа боловч замын нөхцөл байдлаас шалтгаалж хаашаа ч явах боломжгүй байгаагаа хэлж байна. Мөн зудын нөхцөл байдал хэцүү байгаа учир зарим малаа зарж борлуулах гэсэн боловч мөн л цасанд дарагдсан замаас болж чадахгүй байна.

Тэгвэл орон нутгийн цасанд хаагдсан зам харгуйг нээхээр төрийн цэргийн байгууллага, зэвсэгт хүчин, хилийн цэргийн албаны нийт 1800 гаруй алба хаагч 140 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Гэсэн ч цас ойр ойрхон орж байгаа учир гаргасан зам эргэн хаагдаж байгаа юм. Сүүлдээ цас хатуурч мөстөж байгаагаас үүдэж дальпуунд ч ярагдахгүй байх нөхцөл байдал үүсэж байна. 

Албаны зүгээс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа боловч эргэн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зудын нөхцөл байдал хүндэрч, малын хорогдол цаашлаад малчдын эрүүл мэнд, санхүүгийн асуудал ч хүндэрсээр байгаа юм.