Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэхүү технологийн шийдлийн уршгаар тээврийн хэрэгсэл хулгайлагдах тохиолдол эрс нэмэгдсэн байна

Одоогоос 10 гаруй жилийн өмнө үйлдвэрлэгчид тээврийн хэрэгслийг зайнаас онгойлгодог ухаалаг түлхүүр бүхий технологийн шийдлийг бий болгосон юм. Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэхүү технологийн шийдлийн уршгаар тээврийн хэрэгсэл хулгайлагдах тохиолдол эрс нэмэгдсэн төдийгүй мөн үүнийг дагаад тээврийн хэрэгслийн даатгалын үнэ өссөнийг судалгаагаар тогтоосон байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд технологийн ойлголттой хулгайч нар тээврийн хэрэгслийг ул мөр үлдээхгүйгээр хулгайлдаг болсныг “Observer” судалгааны байгууллагын тайланд онцолсон байна. Ийм төрлийн гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан даатгалын үйлчилгээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд 60 орчим хувиар өсөн нэмэгдэж нэг тээврийн хэрэгслийн жилийн даатгал 3000 америк.долларт хүрсэн байна.

Мэргэжилтнүүд уг технологийн шийдлийг анх хэрэглээнд нэвтрэх үед тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг өсөн нэмэгдэх эрсдэлтэйг үйлдвэрлэгчдэд анхааруулж байсан ч үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулдаг компаниуд анхааруулгад хайхрамжгүй хандсан байна.

Харин 2010 оноос хойш тээврийн хэрэгсэл хулгайлагдах гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хэрэглэгчид олноороо гомдол санал гаргаснаар үйлдвэрлэгчид тээврийн хэрэгслийн хамгаалалтыг сайжруулахын тулд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна.

Тэгвэл хулгайч нарын тээврийн хэрэгсэл хулгайлахдаа түгээмэл ашигладаг арга замуудыг мэргэжилтнүүд олж тогтоосон байна. Тухайлбал тэд компьютер тоглоомын консол буюу удирдлагын гартай ижил үйлдлийн системтэй “Emulator”-ийг ашиглан тээврийн хэрэгслийн хаалгыг ердөө 20 секундийн дотор нээж, хулгайлан зугтдаг болжээ. Мөн тээврийн хэрэгслийн ухаалаг түлхүүрийг олшруулдаг төхөөрөмжийг хулгайч нар ашигладаг төдийгүй ийм төхөөрөмжийг программ хангамжийн компаниуд 6500 орчим америк.доллароор худалдан борлуулдаг байна. Хулгайч нар ийм төхөөрөмж ашиглан тээврийн хэрэгслийн компьютерын системд нэвтэрч, шинэ түлхүүр программчилж, онгойлгодог байна. Мөн томоохон хотуудын цагдаа нар ухаалаг түлхүүрээр онгойдог тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан ч ул мөр үлдээлгүй, бүр хэргийг нотлох дүрс бичлэг байсан ч хэргийг 24 цагийн дотор хаадаг болсон нь гэмт хэрэгтнүүдэд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.