Өнгөрсөн Баасан гарагт Испаний Валенсиа хотод хоёр орон сууцны барилга шатсаны улмаас 10 хүн амиа алдсан нь тогтоогджээ

Өнгөрсөн Баасан гарагт Испаний Валенсиа хотод хоёр орон сууцны барилга шатсаны улмаас 10 хүн амиа алдсан нь тогтоогджээ. Мөн аврагчид сураггүй алга болсон гэж бүртгэгдсэн оршин суугчдыг эрэн хайж байгаа талаараа хэвлэлд ярьсан байна.

Гал гарах үед 14 давхар хоёр орон сууцны барилга дотор  хэдэн хүн байсан нь тодорхойгүй байгаа ч тус цогцолбор байгууламжууд нь 140 орчим айлын багтаамжтай гэж эх сурвалжууд хэвлэлд ярьсан байна.

Орон нутгийн цагаар баасан гаргийн үүрээр хоёр барилгын нэгэнд нь гал гарч, аврагчид оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн төдийгүй гал сөнөөгчид хугацаа алдалгүй галыг унтрааснаа мэдээлсэн байна.

Гэвч зэргэлдээх барилгын гадна фасат хэсэг шатамхай материалаар хийсэн байсан тул галыг унтраасан ч цог үсэрч хоёр дахь орон сууцны барилга богино хугацаанд шатаж эхэлснийг аврагчид мэдээлжээ.

Албаны эх сурвалжуудын мэдээлснээр орон сууцны барилгын нэг хэсэгт гарсан гал ердөө 40 минутад бусад бүх давхарт хүрч, шатаасан байна.

Тэгвэл 2008 онд баригдсан хоёр орон сууцны барилгыг барихад ашигласан материал шүүмжлэл дагуулж эхэлжээ.

Испанийн хуулийн байгууллага орон сууцны барилгад зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг шалгаж эхэлснээс гадна галын шалтгаан, хөндлөнгийн оролцоотой эсвэл ахуйн гал алдсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаагаа уламжилсан байна.