Б.Энхбаяр: Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хүн бүрд зохих хариуцлагыг хүлээлгэхэд төрийн бүхий л байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай

Өнгөрсөн 12 дугаар сард “Нүүрсний” гэх тодотголтой хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болсон. Нээлттэй сонсголоор ил болсон 9177 хуудас нотлох баримт, нэгдсэн тайланг хууль хяналтын байгууллагад хүргүүлээд байсан юм. Улмаар нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ. Одоогоор улсын ерөнхий прокурорын газраас нийт 66 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.

Нүүрсний хэргийг хянан шалгах сонсголд давхардсан тоогоор нийтдээ 5419 гэрч оролцож, нотлох баримтыг шинжлэн судалсан. Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор нээлттэй зохион байгуулагдсан нь нүүрсний хэрэгт холбоотой олон нууц мэдээллүүд ил болсон. Харин дараагийн шат буюу нүүрсний хэрэгт холбогдсон гэмт этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг иргэд шаардсаар байгаа юм. Иймд уг хэрэгт холбогдсон бүхий л этгээдүүдэд зохих ял шийтгэлийг хариуцсан байгууллагууд оногдуулах нь зүйтэй гэх байр суурийг Хууль Зүйн сайд Б.Энхбаяр илэрхийлсэн.

Тэгвэл одоогийн байдлаар  нүүрсний хэрэгт холбогдсон этгээдүүдийг хянан шалгах ажил үргэлжилж байгаа юм. Улсын Ерөнхий Прокурорын газраас мэдээлснээр нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ. Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 12 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 8 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Тодруулбал :

  • “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
  • Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
  • “Автотээврийн Үндэсний төв”-ийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
  • Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
  • Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч ц.т нарын 22 хүн,
  • “Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
  • “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ.

Мөн шүүгдэгч нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2-7 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох автомашин, усан онгоц, үл хөдлөх хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг хураахаар шийдвэрлэсэн байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас хахууль авах гэмт хэргийн улмаас бий болсон болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,9 тэрбум төгрөгийг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхнаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,8 тэрбум төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохоор болжээ.