Зудын дараах нөхөн сэргээлтэд анхаарах шаардлагатай байна

Өнгөрсөн 11-р сараас эхлэн нийт нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас орон нутагт зудын гамшиг нүүрлээд байна. Малчдын базаасан өвс тэжээл дуусаж, зудад өртсөн мал хээл хаях, төл мал бээрч осгох зэргээр малын хорогдол ихтэй байгаа юм. Үүнээс шалтгаалан малчин өрхүүд малгүй болж орлогын эх үүсвэрээ алдаад байгаа нь зудын дараагаар амьдрахад хүнд бэрх болж байгааг хэлж байна. Тиймээс малчид зудын дараах нөхөн сэргээлтэд анхаарахыг төр засгаас хүсэж байгаа юм. Зудад өртсөн малчин өрх, малын талаарх тоон мэдээллийг үзүүлье.

  • Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2 сая гаруй мал зүй бусаар хорогджээ. Энэ нь өнгөрсөн оны өвөлтэй харьцуулахад хорогдсон малын тоо 85.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байна.
  • Харин зудад өртсөн аймаг, сумдын нийт 72 мянга гаруй малчин өрхөд хоол хүнс, өвс тэжээлийн тусламж нэн шаардлагатай байна.
  • Үүнээс 39419 өрхөд өвс тэжээл, 7863 өрхөд хоол хүнс, 5800 өрхөд түлээ түлшний тусламж хэрэгтэй байгаа бол эрүүл мэндийн тусламж нэн шаардлагатай 13677 малчин өрх байна.
  • Одоогоор 21 аймгийн хэмжээнд аймгийн засаг даргын нөөц, аймгийн гамшгийн эрсдэлийн нөөц хөрөнгөөс 17,9 тэрбум төгрөгийн тусламжийг малчин өрхүүдэд зарцуулсан байна. Мөн малчдад туслах хандивын санд 1 тэрбум гаруй төгрөг бэлнээр цуглажээ. Тэгвэл тус хандивын мөнгийг зудад малаа алдсан малчдад туслахад зарцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Манай улсад 2009-2010 оны  өвөл  нийт нутгийн 80 зудад  өртөж, 10 сая гаруй мал хорогдсон. Ингэснээр улсын хэмжээнд 345 сая доллартой тэнцэх хэмжээний хөрөнгийн  хохирол амссан байдаг.  Мал аж ахуйн салбар нь монгол улсын эдийн засагт голлох байр суурийг эзэлдэг учир мал их хэмжээгээр хорогдох нь төрд үүсэх дарамтыг нэмэгдүүлдэг. Мөн үүнээс үүдэн ядуурал, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагавруудыг дагуулдаг байна. Тухайлбал 1000 гаруй малтай айл энэ өвлийн зуднаар малынхаа 90 орчим хувийг алдаж 100 хүрэхгүй малтай үлджээ. Орлогынхоо эх үүсвэрийг алдсан малчид хот бараадаж амьжиргаагаа залгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар ярьж байна

Олон жилийн турш маллаж ирсэн малаа нэг л зуднаар алдах нь малчдад сэтгэл зүйн гүн хямрал үүсгэдэг байна. Иймд ЭМЯ-аас мэргэжлийн сэтгэл зүйчдийг аймаг сумдад ажиллуулж эхэлжээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрээр зудад малаа алдаж амьжиргааны эх үүсвэрээ алдсан малчдад улсын нөөц сангаас тусламж үзүүлэхээр болсон. Энэхүү шийдвэрийн дагуу хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах ажлуудыг боловсруулан судалгаа гарган ажиллаж байгаа юм.

Малчдад туслахаар монголын нийт ард иргэд болон аан, байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хандивын аяныг эхлүүлсэн. Тэгвэл улсын онцгой комиссын харьяа төвлөрсөн хандивын дансанд 1 тэрбум гаруй төгрөгийн бэлэн мөнгөний хандив болон 500 гаруй сая төгрөгийн бараа материал цугларчээ. Тус хандивыг зудын дараа малчдыг малжуулах үйл ажиллагаанд зарцуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.