Тамир тэнхээ муудаж, өргүүлж буй малыг аль болох хөдөлгөөнтэй байлгахад анхаарах хэрэгтэй

Зудын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед мал сүргийн хорогдлыг багасгахын тулд тухайн малыг өл алдуулахгүй, бээрүүлэхгүй байх нь нэн чухал. Үүний тулд малын хивлэгийг алдагдуулахгүй байх буюу багаар өвс, тэжээлийг өгч тэжээх мөн байнгын хөдөлгөөнтэй байлгах хэрэгтэй гэдгийг судлаачид зөвлөж байна. Мөн бор давс, өтгөн хар цай, халгайн ханд зэргийг өгч, малын ходоодны орчныг сайжруулсны дараагаар хүчит тэжээл, өвсийг өгөх нь зүйтэй юм байна.

Өвс ногоо цасанд дарагдсан, агаарын температур хэт хүйтэн байгаа зэргээс шалтгаалж мал бэлчээрлэж идэш, тэжээлээ олж идэж чадахгүй байгаа. Үүнээс шалтгаалж мал бээрч, даарах мөн өлдсөнөөс шалтгаалж тамир, тэнхээ нь муудаж байгаа юм. Тэгвэл тамир, тэнхээ муудаж өргүүлж байгаа малыг аль болох хөдөлгөөнтэй байлгахад анхаарах хэрэгтэйг энэ чиглэлийн судлаачид тайлбарлаж байна. Тодруулбал, тамир тэнхээгээ алдсан малыг өдөрт заавал өргөж босгон өвс тэжээлийг багаар өгөх хэрэгтэй юм байна. Ингэснээр малын биеийн дулаан хэвийн хэмжээнд байх юм.

Мөн тамир, тэнхээ нь муудсан өргүүлийн малд малчид ихэвчлэн шууд хүчит тэжээл, өвсийг их хэмжээгээр өгч тэжээдэг. Тэгвэл энэ нь буруу арга байна. Эхлээд тухайн малдаа бор давс, өтгөн хар цай зэргийг өгч ходоодны орчныг хэвийн болгосны араас тэжээлийг өгөх нь зүйтэй юм. Тодруулбал, хоолны бор давсыг дангаар нь хонь, ямаанд жижиг амны халбагаар, үхэрт том амны халбагаар өглөө, оройд нэг удаа өгөх мөн адуунд өглөөдөө нэг удаа хумс саримс эсвэл нэг ширхэг ёотон өгөх зэргээр малын гүзээ ходоодыг хэвийн ажиллагаатай байлгах, тэжээл боловсруулах замын бичил биетүүдийн үйл ажиллагааг дэмжих нь чухал юм байна. Муудсан малын ходоодны хэвийн үйл ажиллагааг хангахгүйгээр хүчит тэжээл өгөх нь тухайн малын биед шингэхгүй шууд гадагшлуулдаг байна.

Үүнээс гадна өвлийн цагт малыг бүлээн усаар ундаалах нь нэн чухал. Бүлээн усыг мал уух нь бээрэлт багасах, бодисын солилцоо нь сайжрахад чухал нөлөөтэй юм. Харин бүлээн усаар өвлийн турш малаа ундаалахын тулд малын хашаа, хорооны захад ус хийж болохуйц төмөр савыг тавьж үүн дотроо цас дүүргэн доороос нь бууцаар халаах шийдлээр хийж болох юм байна. 

Ихэнх аймгуудад шилэн зуд буюу цас зузаарч хатуурснаас шалтгаалж мал өвс тэжээлээ олж идэхийн тулд хөлийн туурайгаараа цас ухаж үүнээс үүдэж хөл нь шалбарч, халцарч байгаа. Тэгвэл энэ нөхцөлд адууны тосыг тогооны хөөтэй зуурч малын хөлийн халзарсан хэсэгт түрхсэнээр хөлийн арьсыг хөрсжүүлэх боломжтой юм байна. Мөн хаврын улирал эхэлж байгаатай холбоотойгоор төл хүлээн авах хугацаа ойртож байна. Хэдий энэ жил малын хорогдол их байгаа ч малчид төл малын эндэгдлийг бага байлгахад анхаарах хэрэгтэйг судлаачид зөвлөж байна.