Өрнөдийн улс орнуудын эрх баригчид А.Навальныйг ялтан солилцоогоор ОХУ-аас татан авахад ойрхон байжээ

Өрнөдийн хууль тогтоогчид ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг ялтан солилцоогоор чөлөөлөхөд ойрхон байсныг ойрын эх сурвалж хэвлэлд ярьсан байна. Герман улсад хүн амины хэргээр бүх насаараа шоронд хоригдох ял эдэлж байгаа ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны ажилтныг сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгаар солилцоход бэлэн болоод байсныг эх сурвалж онцолжээ.

Харин В.Путин сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг ирэх 3-р сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө чөлөөлөхийг хүсээгүй тул хөнөөсөн байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Даваа гарагт ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн ойрын холбоотон сэтгүүлч Мария Певчих ялтан солилцооны талаар тайлбарыг цахим хуудастаа нийтэлсэн байна.

Энэ сарын 16-ны өдөр Алексей Навальный хойд туйлын шоронд нас барсан бол түүнийг амиа алдахаас нэг өдрийн өмнө буюу 15-ны өдөр ялтан солилцоо бодит ажил хэрэг болоход ойрхон байгаа талаар мэдээллийг талийгаач Алексей Навальныйгийн эхнэр гэр бүл болон ойр дотно хүмүүс олж авсан гэдгийг Мария Певчих хэлсэн байна.

Өрнөдийнхний хувьд Алескей Навальныйг чөлөөлөх гол хөзөр нь ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны ажилтан Вадим Красиков гэгч байжээ. Вадим Красиков нь Германы Берлин хотод орогнож байсан Чечений салан тусгаарлагчийн амийг зохион байгуулалттайгаар хөнөөсөн хэрэгт буруутай нь нотлогдож, бүх насаараа хорих ял сонссон нэгэн байна.

Орос-Өрнөдийн эрх баригчдын Алексей Навальныйг оролцуулсан ялтан солилцох асуудлаарх яриа хэлэлцээ эцсийн шатандаа ороод байсныг Мария Певчих онцолсон. Мөн ОХУ-д тагнуулын хэрэгт буруутгагдсан АНУ-ын сэтгүүлч Эван Гершковичийг ялтан солилцооны нэг хэсэг болгох саналыг Өрнөдийнхөн тавьсан байж магадгүй байна. Тэгвэл Алексей Навальныйг нас барахаас өмнө ялтан солилцооны талаар яриа хэлэлцээ өрнөж байсныг талийгаачийн эхнэр болон өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн Өрнөдийн хууль тогтоогчид Москватай хийж байгаа яриа хэлэлцээний талаар тодорхой тайлбар өгөхөөс татгалзсан ч олон хувилбарыг багтаасан ялтан солилцооны талаарх яриа хэлэлцээ өрнөж байсан нь үнэн гэдгийг мэдэгджээ. Харин ОХУ-ын хууль тогтоогчид Мария Певчихийн нийтлэлтэй холбогдуулан хэвлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.