БЗС-аас зээл авч суралцсан 2288 суралцагчийн хувийн хэрэгтэй танилцахад 65.2 хувь нь зөрчилтэй байжээ

Одоогоос жил орчмын өмнө нэр бүхий төрийн албан тушаалтнууд болон тэдний хүүхдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан, эргэн төлөлтөөс үндэслэлгүй чөлөөлөгдсөн зэрэг зөрчлийн асуудал нийтэд ил болж, нэлээдгүй шуугиан тариад байсан. Тиймээс АТГ болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг гарч тус сантай холбоотой асуудлыг мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа эцэслэгдээгүй, ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 7, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Боловсролын зээлийн сан нь үндсэндээ сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн асуудлын улмаас их дээд сургуульд элсэж чадахгүй байгаа суралцагчдад санхүүгийн дэмжлэг олгох зорилготой. Цаашлаад улс эх орны ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг төрийн дэмжлэгтэйгээр сургах үйл ажиллагааг явуулах чиг үүрэгтэй байна. Гэсэн ч үндсэн зорилго, чиг үүргээсээ гажуудсан үйл ажиллагаа явуулаад зогсохгүй үндэслэлгүйгээр цөөнгүй оюутны зээлийг чөлөөлсөн гэх асуудлууд нийтэд ил болсон юм. Улмаар АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж өнгөрсөн оны 5-р сараас эхлэн 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах 3069 хүнд олгосон 230.1 тэрбум төгрөгийн зээл мөн 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байгаа юм.

Одоогоор 2288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцсанаас 1494 суралцагчийн хувийн хэргээс 2500 орчим зөрчлийг илрүүлжээ. Зөрчилтэй 262 суралцагч нь улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай болох нь тогтоогдсон байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 220 суралцагчийн 4,2 тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Харин нийт хохирлын хэмжээ мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараагаар тогтоогдох юм байна.

Боловсролын зээлийн сангийн мөрдөн шалгах ажиллагаагаар зээл авсан суралцагчид болоод зээлээс чөлөөлөгдсөн шалтгаан зэргийг нэг бүрчлэн шалгаж байгаа учир явц удааширч байгааг мэдээлсэн юм. Харин Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Харин дахин шударга бус, зөрчлийн шинжтэй зээл олголтын асуудал гаргахгүйн тулд зээл авч суралцах сонгон шалгаруулалтыг нээлттэй байхаар дүрэм, журамдаа өөрчлөлт оруулжээ.