Цагаан хаалга цогцолбор хотхоноос байр захиалсан иргэд түрээсийн байраар хоног төөрүүлэн явсаар байна

Иргэд байр, орон сууц урьдчилан захиалахдаа заагдсан хугацаанд ашиглалтад орохгүй бол алданги тооцох байдлаар гэрээгээ хийдэг боловч энэ нь хэрэгждэггүй цаашлаад захиалсан байрандаа ч орж чаддаггүй нөхцөл байдал үүссээр байна. Тиймээс иргэд орон сууц урьдчилан захиалах, худалдан авах гэрээ байгуулахдаа гүйцэтгэгч компани барилга барих зөвшөөрөлтэй эсэхээс авхуулаад өмнө хийж гүйцэтгэсэн барилгын ажлуудтай нь танилцах, төлбөрийн нөхцөлийн уян хатан байдал зэрэг бүх холбогдох мэдээллийг сайтар нягтлан судлах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Цагаан хаалга цогцолбор хотхоноос байр захиалсан иргэд хамгийн багадаа гэхэд 10 гаруй сая төгрөгөөр хохирсон байгаа юм. Ийнхүү хохирсон иргэдийн хувьд өөрийн гэсэн орон гэргүй болж, түрээсийн байраар хоног төөрүүлэн явсаар байна.

Иргэд байр урьдчилан захиалаад хохирох тохиолдол ийнхүү олширсоор байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019-2023 оны хороонд орон сууц захиалгын гэрээтэй холбоотой нийт 440 маргааны нэхэмжлэл ирсэн байна. Түүнчлэн хууль зүйн үйлчилгээний төвтэй холбогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь байр орон сууцны маргааны асуудлаар ханддаг байна.

Барилга орон сууц урьдчилан захиалахдаа гэрээнд тусгагдсан алданги тооцох аргачлал, ашиглалтад орох хугацаа, хариуцлага хүлээх субъект зэргийг тодорхой агуулсан зүйл заалтыг нарийн уншиж танилцаагүйгээс шалтгаалж олон иргэд хохирч байгаа юм.

Иргэн орон сууц урьдчилан захиалах гэрээ байгуулахдаа тухайн компани барилга барих зөвшөөрөлтэй эсэх мөн стандарт, норм дүрмээ хэрхэн биелүүлж ажиллах зэрэг олон талыг судалж гэрээг байгуулах хэрэгтэй юм. Энэ талаарх мэдээллийг ulaanbaatar.mn, shilen.gov.mn сайтаас иргэд харах боломжтой. Мөн барилга, орон сууц урьдчилан захиалах гэрээнд төлбөрийг хувааж төлөх уян хатан зохицуулалт хэрэгтэй байгааг мэргэжлийнхэн зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын үйл явц хэдэн хувьтай явж байгаатай уялдсан төлбөр төлөлтийн системийг нэвтрүүлж болох юм.