Өнгөрсөн Мягмар гарагт БНСУ-ын Батлан хамгаалахын сайд тус хоёр улс хоорондын зэвсгийн нийлүүлэлтийн талаар тайлбар өгсөн байна
Өнгөрсөн оны 7-р сараас хойш Умард Солонгос улс сая сая сум ачсан 6700 гаруй чингэлгийг ОХУ руу илгээж, Украины эсрэг явуулж байгаа Кремлийн байлдааны ажиллагаанд хувь нэмрээ оруулжээ. Өнгөрсөн Мягмар гарагт БНСУ-ын Батлан хамгаалахын сайд тус хоёр улс хоорондын зэвсгийн нийлүүлэлтийн талаар тайлбар өгсөн байна.

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Шин Вон-Сик Умард Солонгос 3 сая ширхэг 152 мм-ийн их бууны сум, 500 мянган ширхэг 122 мм-ийн сумыг ОХУ руу тээвэрлэсэн, нийлүүлсэн байж магадгүй талаар мэдээлжээ. Түүний хэлснээр 6700 гаруй чингэлэг дотор дээрх хоёр төрлийн сумыг хольж хийн, газраар ОХУ руу илгээсэн байна. Мөн тэрээр Умард Солонгосын зэвсгийн үйлдвэрүүд түүхий эд, цахилгаан эрчим хүчний хомсдолоос шалтгаалан бүрэн хүчин чадлынхаа ердөө 30 орчим хувьд хүрч ажиллаж байгаа талаар хэлсэн байна.

Өрнөдийн холбоотнууд болон олон улсын хамтын нийгэмлэг умард солонгос болон ОХУ-ын эрх баригчдыг зэвсгийн наймаа хийж, Украины ард түмний эсрэг ашиглаж байгаа явдлыг буруутгаж, хурцаар шүүмжилж байгаа юм. Тус хоёр улс удирдагчид Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх амлалтыг харилцан өгсөн болов ч зэвсгийн нийлүүлэлтийг үгүйсгэсээр байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн Департмент тагнуулын байгууллагын мэдээллээс эш татан Умард Солонгос 10 мянга орчим чингэлэг сум, зэр зэвсэг холбогдох төхөөрөмжийг ОХУ руу илгээсэн талаар бас мэдээлсэн юм.

Үүний хариуд Хойд Солонгос 9000 чингэлэг хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хүлээн авснаар дотоодын зах зээлийн эрэлтийг тэнцвэржүүлсэн гэж Өрнөдийнхөн үзэж байна.

Үүнээс гадна Умард Солонгос зэвсэг нийлүүлснийхээ хариуд сансар судлал, цөмийн зэвсгийн хөтөлбөртөө Оху-аас техникийн туслалцаа авч байж магадгүй байна. Тухайлбал Умард Солонгос ирэх сард ахин нэг цэргийн тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар бэлтгэж байгаа талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Шин Вон-Сик хэлсэн байна.