АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Исламын шашинтнуудын хувьд ариун Рамадан сарын үеэр Газын зурваст Израил болон Хамас зэвсэгт байгууллага хооронд харилцан гал зогсоохоор болсныг мэдэгдсэн байна
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Исламын шашинтнуудын хувьд ариун Рамадан сарын үеэр Газын зурваст Израил болон Хамас зэвсэгт байгууллага хооронд харилцан гал зогсоохоор болсныг мэдэгдсэн байна. Тэрээр дайсагнагч талууд ойрын хугацаанд зөвшилцөлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Хамас зэвсэгт байгууллагын удирдлагууд Парис хотноо Катар, Египетийн зуучлагч нартай Израилын тавьсан 40 хоног гал зогсоох саналыг хэлэлцсэн байна. 

Дайсагнагч талууд харилцан гал зогсоох зөвшилцөлд хүрснээр олон зуун хоригдол болон олзны хүмүүсээ солилцох боломжийг бүрдүүлнэ гэж эх сурвалжууд мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн сүүлээр Израил болон Хамас-ын удирдлагууд Катар улсад ахин яриа хэлэлцээ өрнүүлж, түр гал зогсоох гэрээ хэлэлцээрийн талаар нарийн тайлбар өгөхөөр болжээ.

Гэвч уг гэрээ хэлэлцээрт дайныг бүрмөсөн зогсоох, Израил цэргээ татах, олзны бүх хүмүүсийг чөлөөлөх талаар дурдаагүй байна. Мөн Израилын Засгийн газар Хамас-ын талаас тавьж байгаа үндсэн шаардлагуудын заримыг нь биелүүлэх боломжгүй гэдгээ ч илэрхийлээд байгаа юм.

Харин Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден NBC сувгийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “3-р сарын 10-нд эхлэх Исламын шашинтнуудын ариун Рамадан сарыг тохиолдуулан газын зурваст энх тайван тогтоно” гэдгийг онцлон тэмдэглэжээ.