Зарим аймаг, сумдад туулах чадвар сайтай тусгай зориулалтын 115 автомашиныг 15 тэрбум төгрөгөөр худалдан авна

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2 сая 200 мянга гаруй мал хорогдоод байна. Ирэх  хаврын улирал олон жилийн дунджаас хүйтэн болох учраас зудын нөхцөл байдал илүү хүндрэх төлөвтэй байгаа юм. Иймд Засгийн газраас өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах багц шийдвэрийг гаргаж, танилцууллаа. Нэн тэргүүнд хүнсний тусламж шаардлагатай 117 мянган малчин өрхөд гурил, цагаан будаа олгохоор болжээ. Мөн малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. Харин тус хугацаанд хуримтлагдсан хүүгийн 6 хувийг малчин, 15 хувийг нь засгийн газраас төлөхөөр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан нийт 7 шийдвэрийг танилцууллаа.

Тодруулбал:

  • Нэг  малчин өрхөд ойролцоогоор 250 кг буюу 5 шуудай тэжээл үнэгүй өгөх
  • Нэг малчин өрхөд 10 кг гурил, 5 кг цагаан будааны хүнсний тусламж үзүүлэх
  • Малчдын зээл болон хүүгийн төлөлтийг 1 жилээр хойшлуулах, зээлийн хүүгийн 6 хувийг малчид өөрсдөө төлж , үлдсэн хувийг төр хариуцах
  • Малын тэжээл гурилын импортын татварыг тэглэх
  • Туулах чадвар сайтай тусгай зориулалтын 115 автомашиныг худалдан авч, хөдөөгийн сумдыг хангах зэрэг шийдвэрийг гаргалаа.

Одоогийн байдлаар арилжааны банкуудын малчдад олгосон зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг байгаа юм. Нийт зээлийн хүү нь  280 тэрбум төгрөг тооцогдохоос зээлийн хүүгийн 15 хувь болох  220 тэрбум төгрөгийг засгийн газраас төлөхөөр шийдвэрлэлээ. Харин энэ хугацаанд малчид зээлийн хүүгийн 6 хувийг өөрсдөө төлөх юм байна.

Мөн хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн засаг дарга нарын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн 3-р улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох шаардлагатайг Засгийн газрын гишүүд онцолжээ.