Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд сургууль, цэцэрлэгийн асуудалд нэмж 26 тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ

Нийслэлд тулгамдаж байгаа нэн чухал асуудал бол түгжрэл, утаа, аливаа гамшиг ослын үед бэлэн байх буюу үер усны аюулаас сэргийлэх инженерийн барилга, байгууламж гэдгийг иргэд хэлж байна. Тэгвэл нийслэлийн төсвийг тодотгохоор хэлэлцэж байгаа энэ үед эдгээр асуудлыг дурдаагүй байна. Хэдий метроны төсөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн төсвийг хуваарилахаар хэлэлцэж байгаа ч үерийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд анхаарлаа хандуулахгүй байгааг иргэд шүүмжилж байна.

Тэгвэл Нийслэлийн төсвийн тодотголд оруулсан зарим дүн мэдээллийг хүргэе: 

  • Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд улсын сургууль, цэцэрлэгийг барьж байгуулах, өргөтгөх ажилд нэмж 26 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөжээ. Хэрэв энэ мөнгөн дүн батлагдвал энэ онд нийтдээ 146 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөнө гэсэн үг.
  • Мөн метроны зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгасан байна. Энэ жилийн хувьд метроны бүтээн байгуулалтад нийт 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх юм байна.
  • Харин Нийслэлийн төсвийг өнгөрсөн 12-р сард хэлэлцэн батлахдаа цахилгаан халаагуурыг айл өрхүүдэд тараахад нийт 37 орчим тэрбум төгрөгийг төсөвлөж байсан. Гэсэн ч төсвийн тодотголоор энэ төсөвт өртгийг эргүүлэн татсан буюу айл өрхүүдэд цахилгаан халаагуур тараахаа больжээ.
  • Ийнхүү хотын удирдлагууд төсөвт суулгаагүй орхигдуулсан зүйлсээ тодотгон мөнгөн дүнг суулгахаар байгаа юм. Гэсэн ч шар усны үер болох эрсдэл өндөр байгаа энэ үед үерээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах мөнгөн дүнг нэмж төсөвлөөгүйг холбогдох мэргэжилтнүүд шүүмжилж байсан юм.

Нийслэлийн 2024 оны төсвийг өнгөрсөн 12-р сард баталсан. Гэсэн ч нэгэнт баталсан төсвөө 2 сар ч хүрэхгүй хугацаанд эргэн тодотгохоор болж, хэлэлцэж байгаа. Тэгвэл төсвийн тодотголын хүрээнд нийслэлд нэн тулгамдаж байгаа асуудлыг чиглэсэн арга хэмжээнд төсөв мөнгийг хуваарилахгүй байна гэж иргэд шүүмжилж байна.

Иргэдийн зүгээс ийнхүү нийслэлд нэн шаардлагатай байгаа үерийн эрсдэлийг буруулах арга хэмжээг авах хэрэгтэйг хэлж байгаа юм. Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээнд 11.6 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэх судалгаа гарсан байна. Гэсэн ч нийслэлийн төсийн тодотголоор нэмж мөнгө тусгаагүй юм байна.

Нийслэлийн төсвийн тодотголоор:

  • Баянгол дүүргийн 24-р хорооны Алтай хотхон орчимд ЕБС
  • Хан-уул дүүргийн 17-р хорооны Маршал таун, Кинг тауэр орчимд ЕБС
  • Сүхбаатар дүүргийн 9-р хорооны ногоон нуур орчимд цэцэрлэг
  • Мөн Баянзүрх дүүргийн 36-р хороонд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд ЕБС барихаар төлөвлөж төсөвт санхүүжилтийг тусгасан байна.
  • Үүнээс гадна тусгай хэрэгцээт 29-р сургуулийн засварт 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгажээ.

2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж баталсан байдаг. Гэсэн ч өнгөрсөн оны эцэст засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Энэ нь нийслэлийн төсвийг яаралтай тодотгон хэлэлцэх хамгийн том шалтгаан болжээ.

Урьдчилсан байдлаар энэ оны 6-9 дүгээр сарын хооронд метро барих гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байгаа талаар хотын удирдлагууд мэдээлж байна. Улмаар 9-р сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөжээ.