Явган хүний замыг байгалийн чулуун хийцлэлтэй болгохоор нийслэлийн төсөвт 45 тэрбум төгрөгийг төсөвлөжээ

Нийслэлчүүдэд тулгамдаж байгаа цөөнгүй асуудлын нэг нь явган хүний замын аюулгүй байдал, стандартын асуудал. Өвөлдөө явган хүний зам, талбайд иргэд халтирч унан гэмтэж бэртэх тохиолдол олон байдаг. Харин зундаа ус тогтож явахад хүндрэлтэй байдаг зэргээр асуудлууд үүсдэг. Тэгвэл эдгээр асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн явган хүний замыг байгалийн чулуун хийцлэлтэй болгохоор нийслэлийн төсвийн тодотголд 45 тэрбум гаруй төгрөгийг төсөвлөжээ.

120 мянгатын гүүрэн гарц дээр барьж байгуулсан харааны бэрхшээлтэй хүний хөтөч замтай ижил шар зам нийслэлийн олон байршилд бий. Гэвч стандартын шаардлага хангаагүй нь олон. Угтаа бол явган хүний замын дагуу суулгаж өгсөн харааны бэрхшээлтэй иргэдийн хөтөч энэ зам нь явахад хүндрэл бэрхшээлгүй байх ёстой ч өвөлдөө цас нягтаршиж мөстдөг, зарим тохиолдолд хөтөч замыг ус зайлуулах хоолойны таг, мод, шонг хүртэл дайруулан  хийсэн муу жишээ цөөнгүй  харагддаг.

Энэ мэтээр стандарт, норм, дүрмийг хангаж барьж байгуулдаггүйн тод жишээ нь явган хүний зам. Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгохоор нийслэлийн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгаж өгөхөөр болжээ.

Ийнхүү явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгүүлэхээр 45 гаруй тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөж байна. Мөн Улаанбаатарын ногоон байгууламжийг ч нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа гэж албаныхан үзэж урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсвийн тодотголд тусгажээ.