Хиймэл оюун ухаан нь дайн, мөргөлдөөн, сөргөлдөөнийг хүртэл зуучилж, дипломат төлөөлөгчдийн гүйцэлдүүлж чадаагүй үйл хэргийг биелүүлэх чадамжтай холбоотой таамаглал өсөн нэмэгдэж байна

Хиймэл оюун ухаан нь эрүүл мэнд, тээвэр, эдийн засаг зэрэг олон салбарт чамгүй хувьсгал авчраад байгаа.  Үүнтэй холбогдуулан хиймэл оюун ухаан нь дайн, мөргөлдөөн, сөргөлдөөнийг хүртэл зуучилж, дипломат төлөөлөгчдийн гүйцэлдүүлж чадаагүй үйл хэргийг биелүүлэх чадамжтай холбоотой таамаглал өсөн нэмэгдэж байна.

Манай гариг үүссэн цагаас хойш мөргөлдөөн, сөргөлдөөн, дайн дажин бүхий л цаг хугацаанд өрнөж, үүнийг дагаад эвлэрүүлэн зуучлах үүрэгтэй дипломт төлөөлөгчид бий болсон гэж үздэг. Тэгвэл өдгөө дэлхий дахинд томоохон хэмжээний хоёр ч том зэвсэгт мөргөлдөөн өрнөж байгаа ч дипломатууд энх тайвныг цогцлоож чадахгүй байгаа юм. Тэгвэл дайсагнагч талуудад харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олох, маргааныг шийдвэрлэхэд туслах үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэж чадна гэж шинжээчид үзэж байна. Хиймэл оюун ухаан олон зуун мөргөлдөөн, маргааныг шийдвэрлэсэн тухай дата, өгөгдөл мэдээлэлд тулгуурлан боломж, сорилтуудын талаар судалж, хамгийн төгс шийдлийг боловсруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа нь зуучлагч гэгддэг төвийг сахисан гуравдагч этгээдээр дамжуулан маргаанд оролцогч талууд хоорондын харилцаа холбоогоо тогтоох, хэлэлцээрийг хөнгөвчлөх сайн дурын бөгөөд нууц үйл явц.

Харин ийм төрлийн технологи хөгжихийн хэрээр зөрчилдөөнийг шийдвэрлэх практикийг сайжруулах боломжтой. “Artificial Intelligence” буюу хиймэл оюун ухаанд суурилсан технологийн алгоритм нь мэдээллийг хурдан боловсруулж, хүн төрөлхтний санал болгохоос илүү үр дүнтэй шийдлийг санал болгох боломжтой байна. Мөн хүн төрөлхтний гаргаж болох алдааг залруулах, эрсдэлийг хамгийн үнэн зөв тооцоолж чадна гэдэгт мэргэжилтнүүд итгэж байна. Үүнийг ашигласнаар хүн төрөлхтний шийдвэрлэж чадахгүй байгаа нарийн төвөгтэй маргаантай асуудлыг учгийг тайлах онцгой ач холбогдолтой байна. Ахин нэмж мэдээлэхэд хиймэл оюун ухааны алгоритмууд нь асар их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, зуучлалын үйл явцад үнэ цэнтэй хувилбаруудыг санал болгоно. Ерөнхийдөө хэтдээ дипломатууд, дайсагнагч талууд мөргөлдөөн, сөргөлдөөнөө шийдвэрлэхдээ хиймэл оюун ухааны тусламжийг авснаар алдаа гаргах магадлал буурах юм байна. Ингэснээрээ талуудад итгэлцлийг бий болгож, олон удаагийн сунжирсан яриа хэлэлцээг танаж, зардлыг хэмнэж, зөрчлийг шийдвэрлэх үйл явцыг илүү хүртээмжтэй болгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна.