Өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өрнөдийнхөн Украин руу цэргээ илгээвэл цөмийн дайн дэгдэх эрсдэлтэйг анхаарууллаа

Өнгөрсөн Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Өрнөдийнхөн Украин руу цэргээ илгээвэл цөмийн дайн дэгдэх эрсдэлтэйг анхааруулаад барууны улс орнуудад хүрч, цохилт өгөх зэвсэг Москвад байгааг сануулсан байна. Орос-Өрнөдийн харилцаа  Украины дайны улмаас 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм.

Өмнө нь В.Путин НАТО болон ОХУ-ын зэвсэгт хүчний хооронд шууд мөргөлдөөн үүсэх аюул, шалтгааны талаар цухас дурдаж болов ч өнгөрсөн Пүрэв гарагт өгсөн түүний анхааруулга нь илүү товч тодорхой, шууд утгатай байсныг шинжээчид онцолж байна. Пүрэв гарагт В.Путин өөрийн улсын хууль тогтоогчид болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудад хандан барууныхан Орос улсыг сулруулахыг эрмэлзэж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн байна. Түүнчлэн Өрнөдийнхөн Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь ямар аюултай болохыг ойлгохгүй байна гэж тэрээр хэлсэн байна.

Өнгөрсөн Даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон НАТО-ын гишүүн орнууд Украин руу хуурай замын цэргээ илгээх санааг илгээх төлөвлөгөөг үгүйсгээгүй юм. Харин АНУ, Герман, Их Британи болон бусад Өрнөдийн улсуудын эрх баригчид Эммануэль Макроны санааг няцааж, үндэслэлгүй болохыг залруулсан юм.

Тэгвэл В.Путин "ОХУ-ын зэвсэгт хүчинд өрнөдийн улсуудыг онилон цохилт өгөх чадвартай цөмийн зэвсэг байгаа гэдгийг тэд ойлгох ёстой. Хэрэв Өрнөдийнхөн Украин руу цэргээ илгээх юм бол хүн төрөлхтөн, соёл иргэншлийг устгах мөргөлдөөн үүснэ. Тэд үнэхээр уг асуудлыг ойлгохгүй байна гэж үү?” хэмээн хэлсэн байна. Уурласан нь илэрхий харагдаж байсан В.Путин барууны улс төрчдөд хандаж Нацист Германы Адольф Гитлер, Францын Наполеон Бонапарт зэрэг түүхэн цаг хугацаанд Орос руу түрэмгийлсэн ч  амжилт олоогүй тэдгээр хүмүүсийн хувь заяа хэрхэн дуусгавар болсныг эргэн сануулсан байна.

Харин орчин үед үйл явдал давтагдвал үр дагавар нь илүү эмгэнэлтэй байх болно гэдгийг тэрээр ахин анхааруулсан байна. Мөн тэрээр Өрнөдийнхөн сүүлийн 30 жилийн хугацаанд амар амгалан, дайн дажин дотоодын мөргөлдөөн зэрэг аюулгүй байдлын сорилттой нүүр тулаагүй тул жинхэнэ дайн гэж юу болохыг мартсан гэж буруутгажээ. Өнгөрсөн Пүрэв гарагт В.Путин уламжлал болсон жил тутмын илтгэлээ тавьсан юм.