Сүхбаатар аймгийн Наран сум нь аймгийн төвөөс 200 км зайд байрладаг алслагдсан сумдын нэг юм. 1600 хүн амтай тус суманд одоогийн байдлаар ердөө нэг их эмч ажилладаг. Зудын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед эмнэлгийн байгууллагын үйлчилгээ нэн тэргүүнд иргэдэд хурдан шуурхай хүрэх шаардлагатай байна. Одоогоор тус суманд нөхцөл байдал хэвийн байгаа ч болзошгүй эрсдэл тулгарвал мэргэжлийн эмч нар дутагдалтай байгаа нь анхаарах шаардлагатай асуудлын нэг болжээ.
Сүхбаатар аймгийн Наран сумын эрүүл мэндийн төвд 2 их эмч ажиллах орон тоотой хэдий ч одоогийн байдлаар ердөө нэг их эмч ажиллаж байгаа юм. Зудын эрсдэл хүндэрч байгаа энэ цаг үед аймгийн засаг даргын чиглэлийн дагуу нэмэлтээр дахин нэг эмч ирсэн байна. Цаашид тогтмол ажиллах эмч шаардлагатай байгаа хэдий ч алслагдсан сум учир тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин олддоггүй байна.
Алслагдсан хөдөөгийн малчид, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эхчүүд, нярай болон 0-5 насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилгоор эдгээр иргэдийг отор нүүдэлд явахгүй байх сумын төвд оршин суух чиглэлийг Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн нэгдсэн төвөөс гаргажээ. Ингэснээр учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх боломж бүрдсэн байна. Мөн Эрүүл Мэндийн яамнаас эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэдэд тусламж үзүүлэхээр орон нутагт 318 резидент эмчийг нэмэлтээр ажиллуулахаар болсон байна. Харин аймгийн онцгой комиссын шийдвэрээр эдгээр эмч нарыг хэрхэн хуваарилахаа шийдвэрлэх юм байна
Одоогоор тус суманд нэмэлтээр эмч ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн түргэн хугацаанд үндсэн их эмчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тус сумын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл хэлж байсан юм.