Улаанбаатар хотод метроны барилгын ажлыг энэ оны 9-р сараас эхлүүлж 2029 онд дуусгана

Улаанбаатар хотод метроны барилгын ажлыг эхлүүлж 2029 онд дуусгана гэсэн мэдээллийг албаныхан өгөөд байна. Үүнтэй холбоотойгоор метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын тендерийг зарласан. Нийслэл хотод баригдах метроны талаарх мэдээллийг хүргэе.

  • Өмнө нь 2013 онд Улаанбаатар хотод метро барихаар төлөвлөж байсан. Тухайн үедээ метроны техник, эдийн засгийн үзүүлэлтийг Японы Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагаар боловсруулж байсан юм. Тэгвэл тус техник эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурлан метрог энэ оны 9-р сараас эхлэн барьж байгуулахаар болжээ.
  • Тус үзүүлэлтэд тусгагдсанаар метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байна, үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм байна.
  • Метроны шугам нь 14 буудалтай, зорчигч Толгойтоос Амгалан хүртэл ердөө 27 минутад зорчих боломжтой юм байна.
  • Мөн 2013 онд хийгдсэн тооцооллоор бол метрогоор иргэд 600 төгрөгөөр зорчвол метро ашигтай ажиллана гэж үзэж байжээ. Гэвч энэ нь 10 жилийн өмнөх тооцоолол учраас өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай юм байна.

Нийслэлийн иргэдийг метрогоор зорчуулж, түгжрэлийг бууруулна гэж олон ч хотын удирдлагууд танилцуулж байсан. Гэвч өнөөг хүртэл биелэгдээгүй. Үүнтэй холбоотойгоор иргэд ч метро барина гэдэгт итгэлгүй байгаа юм. Үүнээс гадна эрчим хүчний асуудалтай байгаа энэ үед метрог барихад хүндрэл үүснэ гэсэн байр суурийг иргэд илэрхийлж байна.

Метро барихад шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх 10-р сараас ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блокоос нийлүүлэх юм байна. Жайка олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метроны барилгын ажилд нэг жилд 50-60 мвт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцоолсон байдаг. Тэгвэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок нь 150 мвт хүчин чадалтай байхаар баригдаж байгаа юм байна.

Метрог улс болон орон нутгийн төсвөөр санхүүжүүлэх юм. Эхний ээлжид зөвлөх үйлчилгээ авах ба 54.6 тэрбум төгрөгийг төсөвлөж, тендерийг зарлаад байгаа. Ерөнхийдөө 2024 оны хувьд метроны байршил, гидрогеологийн судалгаа гэх мэт суурь зардлуудад нийтдээ 333 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм.

Мөн иргэдийн зүгээс метроны чиглэлийн талаар шүүмжлэлтэй хандаж байгаа. Тэгвэл метро, дүүжин тээвэр, автобус зэргийн чиглэлийг тооцоолж давхцахгүй байхаар чиглэлүүдийг тодорхойлж байгаа гэсэн юм.

Улаанбаатар хотод иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Тэгвэл метрог барьж байгуулснаар нийт зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан байна.