Манай улсад тархи, нугасны хавдрын зарим оношилгоо, эмчилгээг хийх боломжгүйгээс иргэд гадаад орныг зорин эмчлүүлдэг байна. Энэ нь иргэдэд цаг хугацаа, сэтгэл санаа, эдийн засагт нь дарамт болдог бол өнгөрөгч Баасан гарагт Хавдар Судлалын Үндэсний төвд тархи, нугасны хавдрын өвчлөлийг эмчлэх шинэ технологи нэвтрүүлж дотооддоо эмчлэх боломжтой болсон тухай мэдээллээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гадаадад эмчлүүлэгчдийн материал дээр хийсэн судалгаанд нийт өвчтөний 30 хувь нь хавдрын шалтгаант тэр дундаа ихэнх нь мэдрэл, тархи нугасны мэс заслыг хийлгэсэн гэсэн дүгнэлт гарчээ. Тэгвэл энэ чиглэлийн хавдрыг эмчлэх шинэ технологийн нэвтрүүлж байгаа талаар өнөөдөр албаныхан мэдээллээ.
Хорт хавдрын навигаци болон стереотактик эмчилгээний шинэ технологийг Монголд нутагшуулах төсөл Засгийн газрын хуралдаанаар батлагдаж, Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр ийнхүү хэрэгжиж эхлэхээр болсон юм
2022 оныг 2023 онтой харьцуулахад хорт хавдраар өвдсөн хүний тоо манай улсад 400-гаар цөөрсөн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хавдрын чиглэлээр шинэ технологийг дотооддоо нэвтрүүлж мөн энэ чиглэлийн боловсон хүчнийг ч бэлтгэж байгаатай холбоотой юм.
Ийнхүү тархи, нугасны гүний төвөгтэй байрлалтай, мэс заслаар авах боломжгүй болон бусад ажилбар, эмчилгээ шаардагдах хавдар, хавдар төст эмгэгийн мэс засал эмчилгээний арга нь Монгол улсад нэвтэрч, иргэд энэхүү эмчилгээг эх орондоо хийлгэх боломж бүрдэж байна.