Израилын Засгийн газар пуужин болон дроны халдлагаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий системийг дагалдах тоног төхөөрөмжийн хамтаар Украин улсад хандивлахаар болсныг Ройтерс агентлаг мэдээлжээ. Түүнчлэн Израилын зэр зэвсэг үйлдвэрлэгчид эзлэн түрэмгийллийг сөрөн тэмцэж байгаа Украины армид өнгөрсөн 2022 оны 9-р сараас Польш улсаар дамжуулан цэргийн тоног төхөөрөмж нийлүүлж байсан нь саяхан ил болсон байна.
Украины дайн эхэлснээс хойш Израилын Засгийн газар сөргөлдөгч талуудад аль алинд нь үхлийн аюул дагуулах зэр зэвсэг илгээхээс татгалзаж байсан төдийгүй илүү төвийг сахисан байр суурийг баримталж байсан юм.
Харин Израилын Засгийн газар дотоодын зэр зэвсэг үйлдвэрлэгчдэдээ Украинд бараа бүтээгдэхүүний нийлүүлэх зөвшөөрлийг хэдийн олгосон төдийгүй гуравдагч улсаар дамжуулан нийлүүлэлтээ явуулахыг санал болгосон байж магадгүй байна.
Харин өнгөрсөн хугацаанд Польшийн эрх баригчид тус хоёр улс хоорондын зэвсгийн тээвэрлэлтийг хийж байснаа нууцалж чадсаныг эх сурвалжууд хэвлэлд ярьсан байна.
Тэгвэл Израилын зэр зэвсэг үйлдвэрлэгчдийн Украинд нийлүүлэх агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх систем нь дрон, пуужин зэргийг агаарт амдуулан устгахад томоохон дэмжлэг үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна. “UAV” хэмээн нэрлэсэн Израилын агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх систем нь дэвшилтэт технологийн шийдлийг агуулсан бөгөөд хэд хэдэн байг илрүүлэх чадалтай байна. Нэмж мэдээлэхэд Израил бол дэлхийн хамгийн том зэр зэвсэг үйлдвэрлэгчдийн нэг. Өнгөрсөн хугацаанд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський дайны үр дүнг өөрчлөх хүчин чадалтай зэвсэг нийлүүлэхийг Израилын эрх баригчдаас удаа дараа шаардаж, уриалж байсан юм.